Ё.Отгонбаяр: Тавантолгойн хамгийн том “Белаз”-ийг барьдаг эмэгтэй гурван сая төгрөгийн цалинтай

img

-Манай улсын хүн амын 70 хувь нь залуучууд гэдэг. Энэ тодорхойлолт нөгөө талаар хүн амын ихэнх хэсэг ажил хийх чадвартай гэсэн үг. Гэтэл ажиллах хүчний дутагдалд бид орчихоод байна гэдэг. Яагаад ч ийм ажилчин болж болохгүй гэсэн толгойд суусан энэ сэтгэхүйн асуудлыг хэрхэн өөрчлөх вэ. МСҮТ-ийн асуудлууд юу болж байна? -Тогтолцоонд их олон алдаа дутагдал байсан. 2006 онд Засгийн газраас Мэргэжлийн боловсролын төвд суралцаж байгаа суралцагчдад цалин олгодог болсон нь МСҮТ-д хүүхдүүд орох сонирхолыг бий болгосон. Энэ бол эхний алхам байсан. -МСҮТ-ийн суралцагчид сар бүр 45 мянга өгдөг. Оюутанд 70 мянган төгрөг өгөөд байхаар МСҮТ-өө дэмжих бодлого болж чадах уу? -Цаашид бид МСҮТ-д сурч байгаа хүүхдүүдийнхээ цалинг нэмэх бодлого барих ёстой. Төсвөө өргөн барьсны дараа Дээд боловсролын тухай хууль нь батлагдчихаар бид МСҮТ-ийн хүүхдийн цалинг хөдөлгөж чадаагүй. Бид үүнийг анхаарч, дараагийн төсвөөс нэмэгдүүлэх ёстой. Мэргэжлүүдийг зардлаар нь санхүүжүүлдэг больё гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үсчин бэлтгэх, гагнуурчин бэлтгэх хоёр шал өөр зардалтай. Үсчинд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь бага. Гэтэл гагнуурчин бэлтгэх гэхээр электродоос эхлээд асуудал байна. 175 мянган ам.долларын үнэтэй машин нийлүүлж, үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ гэдэг улсын төсөвт хүндээр тусна. Ерөнхий сайд “Оюутолгой”-д очиход “Зургадугаар зэрэглэлийн гагнуурчин 1300 хэрэгтэй байна. Гэтэл Монгол Улсад нэг ч алга байна” гэж шүүмжилж байсан. Манай МСҮТ-д одоогийн олгож байгаа зардлаар III  зэргийн гагнуурчин л бэлтгэнэ. VI бэлтгэхийн тулд зардлыг нь нэмэгдүүлэх ёстой. Тиймээс бид Хөдөлмөрийн зах зээлд нь уялдсан зардлыг нь гаргаж өгөх ёстой. Тухайлбал, Баянхонгор аймгийн МСҮТ-ийн захирал над дээр орж ирж ажлаа тайлагнасан юм. Тэр хүн “Би Шинэжинэст суманд 32, Богд суманд 31 үсчин бэлдэж өгсөн гээд л ярьж байсан. Нэг суманд 32 үсчинээр яах юм бэ. Бие биенийхээ л үсийг засах гээгүй юм бол ийм олон үсчнээр яах юм бэ. Манай тогтолцоо буруу яваад байгаагийн нэг илрэл нь энэ. Бас нэг аймгийн МСҮТ дээр явж байсан чинь баахан охид суугаад бууз чимхэж байх юм. “Энэ юу хийж байгаа юм” гэсэн чинь “Үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа нь” гэж байсан. Монгол охиныг бууз чимхэж сургах гэж Монгол Улсын Засгийн газар жилд сая төгрөг төлнө гэдэг утгагүй ажил биз дээ. Нарийн хоол хийж сурч байгаа бол өөр хэрэг. Энэ мэт буруу зүйлийг засаж байна. Бид одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн захиалгаар ажиллах хүч бэлддэг тогтолцоог богино хугацаанд гаргаж ирэх ёстой. Үүний эхлэл болгож “Ээрмэл” 340 хүүхэд сургаж авъя гэж байгаа. “Мон Со” коллеж дээр хүүхдүүдээ сургаж байгаа. Гэтэл онолын хичээл нь чухал биш, яг тэр ээрмэлийн машин дээр ажилладаг хичээл нь илүү чухал байгаа юм. Гэтэл ээрмэлийн машин дээр ажиллаж байгаа нэг ч хүн магистрын зэрэг байхгүй. Манай хуулинд магистрын зэрэг хамгаалаагүй хүн багшлах эрхгүй. Тухайлбал, “Ээрмэл”-ээс төрсөн Хөдөлмөрийн баатар Амгалан багшлах эрхгүй. -Э.Бадар-Ууган ч гэсэн бокс заах эрхгүй гэсэн үг үү? -Тийм эрх байхгүй. Хуулийг нь өөрчлөх асуудлыг чуулган дээр ярьж байгаа. Хүн амын дунд МСҮТ-д муу нь ордог гэсэн социализмын үеийн тогтсон ойлголт өөрчлөгдөхгүй байна. Тавантолгойн уурхайд хамгийн аварга том “Белаз-ийг нь гурван сая төгрөгийн цалин авдаг эмэгтэй байдаг. Нэг их олон их, дээд сургууль төгссөн хүн тийм цалинтай байж чадахгүй байгаа.  Бид их сонин байдалд орчихоод байгаа. Хөдөлмөрийн чадвартай хэсгээ гадагшаа экспортолчихдог. Тэгсэн хэрээ эндээ юм хийх болохоор гаднаас импортолдог. Үүний цаана дахиад л боловсролын асуудал хөндөгдөнө. БНСУ-д очиж байгаа монголчууд нэг их мэргэжил шаардахгүй, тэндэхийн хар ажлыг нь хийж байгаа. Монголдоо ирэхээр эндэхийн хар ажлын үнэлгээ муу учраас харь орныг зорьж байна. Өнгөрсөн жил би Ухаа худагийн уурхай дээр очсон. Тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд өндөр сайхан цалинтай. Би тэнд ажиллаж байгаа “Белаз”-ийн жолоочоор бахархаж байсан уу гэхээс ичэх зүйл биш. -МСҮТ-ийн хувьд ийм байж манайд одоо дипломын дараахи сургалт гэж цадигаа алдсан зүйл байх шиг байна. Манай улс нэг хүнд ногдох доктор, эрдэмтнээрээ дээгүүрт ордог өндөр боловсролтой орон гэж байгаа. Үүн дээр ямар өөрчлөлт гарч байгаа вэ? -Их, дээд сургуулийн төгсөлтийн тушаалыг интернетэд байршуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, Ё.Отгонбаярыг дипломын хуурамч эсэхийг шалгахын тулд хэдэн онд төгссөнийг нь асууж байгаад интернетээс хайхад проекторын тушаал дээр байгаа эсэх нь гарч ирнэ. Магадгүй сүүлийн үед олон хуурамч диплом илрээд байгаагийн шалтгаан энэ байж болно. Дипломын үнэлгээг өсгөх ёстой. Би Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгсссөн. Миний дипломыг хэн ч хаана ч очсон хуурамч гэж хэлж чадахгүй. Үүн шиг үнэлэмжийг нь тогтоож өгөх ёстой. Ингэхээр их, дээд сургуулийн үнэлэмжийн асуудал хөндөгдөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ