-Ингээд сэдвээ хөөж ярилцаад байвал таны тэргүүлж буй салбар гүйцэгдэхгүй нь бололтой. Шинжлэх ухааны салбараар бол сүүлийн үед бурхан багшийн шүд, Булган аймгийн Баяннуур суманд том хааны алтан орд олдлоо гээд олны анхаарлын төвд байна. Эдгээр гайхалтай олдворуудаа хамгаалах тал дээр юу хийж байгаа вэ?
-Төв азийн нутгаас ийм хэмжээний ханын зурагтай олдвор олдож байгаагүй гэдгээрээ Баяннуурын олдвор үнэ цэнэтэй. Хамгийн өндөр хэсэгтээ 12.5, 41 метрийн урт, зургаан метрийн радиустай бунхан. Мөн нэг булшнаас 300 гаруй эд зүйл олдсон гэдгээрээ маш ховор тохиолдол. Энэ бол Хөх түргийн үеийн Уйгар ноёны булш гэж эрдэмтэд таамаглаж байсан. Одоо ч энэ таамаг өөрчлөгдөөгүй байна. Энэ сарын сүүлээр Уран зургийн галларейд энэ олдвороор үзэсгэлэн гаргах гэж байна. Учир нь үүнийг олон нийт нэлээд шохоорхсон. Өнгөрсөн жилийн хугацаанд олдсон олдвороо бэхжүүлэхээс эхлээд олон ажил хийсэн. Одоо олдвороо олон нийтэд дэлгэнэ. Үүнийг хадгалж, хамгаалах асуудал дээр манайд экспедиц дутаж байгаа. Байгууламжийнх нь хувьд бид нарт мэдлэг дутсан. Тиймээс Казахстаны мэргэжилтэнүүд яаралтай ирж, ханыг нь бэхжүүлж буцааж булсан. Үүнийг энэ жилээс дахиж яаж ухаж, бэхжүүлэх вэ гэдэг ажлын төлөвлөлт явж байна. Ний нуугүй хэлэхэд эрдэмтэд маань гадагшаа явж судлаж байгаа. Өөрсдийнх нь мэдлэг дутаж байгаа учраас ийм асуудал бий. Одоо дээрээс нь 40 метрийн урттай байшин бариад булсан байгаа. Нэг айлтай гэрээ байгуулж, энэ айлыг Шинжлэх ухаан технологийн сангаас цалинжуулж байна. Цаашид бид тэнд музей байгуулах асуудлыг төлөвлөх ёстой. Энэ газарт уг олдвороос гадна үзэж, судлах зүйлс их бий. Тиймээс бид тэнд музей байгуулах асуудлыг хөндөх ёстой. Энэ олдвор Монголын түүхийн их олон үеийг хамарна. Түүх, архелогийн талаасаа их чухал олдвор хэрнээ аялал жуулчлал талдаа ч мөн ач тусаа өгөх олдвор байгаа юм. Хархорин зүгийн жуулчдын урсгалыг Лүнгээс эргүүлээд Баяннуурын бунхан, Цогттын цагаан балгас, Чинтолгойн балгас, Хар бухын балгас, Орхоны хөндийн түргийн суурь луу орвол аялал жуулчлалын шинэ бүс бий болох юм.
-Ирэх жил, эсвэл хоёр жилийн дараа монголын аль аймгаас ямар том олдвор олдохыг хэн ч урьдчилан мэдэх боломжгүй. Урьдчилж төсөв мөнгийг нь суулгах нь хүндрэл байдаг юм биш үү?
-Үүнийг тааж батлана гэдэг хэцүү. Тиймээс археологийн мөнгө гэж нэг л мөнгө баталдаг. Өмнө нь баталдагггүй байсан. Өнгөрсөн жилийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын малтлага, Булган аймгийн Сайхан сумын Хүннүгийн малтлага хоёр сүүлийн жилүүдэд улсын төсвөөр хийж байгаа малтлага. Дандаа гадаадын хөрөнгөөр хийдэг. Тухайлбал, Баяннуурын малтлагыг Монгол, Казахстаны хамтарсан малтлагаар хийсэн. Чин толгойн булш Монгол, Япон, Ноён уулынх Монгол-Оросынх гэх мэтээр малтлага хийсэн. Хувийн хэвшилүүд дэмждэг тал бий. Монгол Улсын нутаг дээр хорголжин булш гэхэд 10 мянга гаруй байдаг. Овойсон болгон дотроо алт, мөнгөгүй. Ухаад гаргаад ирэхээр морины амгай, яс л гарна. Монголчууд хүнээ оршуулахдаа морийг нь хамт оршуулдаг заншилтай байсан тул тийм зүйл их гардаг. Сүүлийн үед нинжа нар ийм зүйлсийг металь хайгчаар их эвдэж байна. Энэ мэт зүйлсийг цэгцлэх хэрэгтэй. Саяхан БОАЖ-ийн сайдтай хийсэн нэг тохироонд түүх, соёлын өвийг хамгаалах үүрэгтэй байгаль орчны байцаагч нар зөвхөн байгаль, орчин талдаа ажиллаад байна. Өөрөөр хэлбэл, цалин авдаг салбартаа анхаарал хандуулж ажиллаад байна. Тиймээс эдгээрийн сургалтыг хийж, цалин урамшууллын асуудлыг яръя гэдэг зүйлийг хөндсөн. Өөр нэг дутагдал нь аж ахуйн нэгж байгууллага ашигт малтмалын лиценз аваад хашаа хатгаад, хөрс хуулалт хийгээд ирэхээр дотроос нь булш гараад ирэхээр нь сүйтгэдэг. Уг нь хуулиараа олборлолт явуулахын өмнө археологи, палеонтологийн судалгаа хийлгэсний дараа хөрс хуулалт явуулах ёстой. Гэтэл тэр битгий хэл Өвөрхангай аймгийн Өлтийн уурхайд эртний хүний булшийг трактороор няц дарсан хэрэг гарсан. Харин иймэрхүү асуудал дээр томоохон компаниуд их сайн ажиллаж байгаа. Тухайлбал, Ухаа худагийн уурхайд 54 булшны малтлага хийлгэж байж, хөрс хуулалтаа эхлүүлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ