Шүүх хурлыг хагас нээлттэй явуулах шийдвэрийг гаргалаа
Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 09.30 цагаас Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал товлогдсон юм.
2008 оны УИХ-ын сонгуулийн дараах үймээнээр галт зэвсэгт өртөн хүний амь үрэгдсэн хэрэгт холбогдсон цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал товлогдсон цагаасаа ялимгүй хоцорч эхлэв. Хуралдааны танхимд шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нараас гадна шүүгдэгч нар хүрэлцэн ирсэн бол Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, хохирогч Ц.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү, О.Зоригтын өмгөөлөгч Г.Өлзийхүү, Ш.Батсүхийн өмгөөлөгч Б.Энхтунгалаг болон хохирогч нарын төлөөлөл суудлаа эзэлсэн байв. Харин шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо танхимд харагдсангүй.
Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө уламжлал ёсоор шүүгчид хохирогч, шүүгдэгч нараас хүсэлт байгаа эсэхийг лавласнаар оролцогчдод үгээ хэллээ. Хамгийн түрүүнд Ц.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү “ Надад шүүх бүрэлдэхүүнд тавих гурван хүсэлт байна. Нэгдүгээрт шүүх хуралд гэрчээр Жамьяантөгс, Болормаа нарыг оролцуулж өгнө үү. Хоёрдугаарт төрийн нууцад хамаарах баримт бичигтэй танилцмаар байна. Гуравдугаарт шүүх хурлыг нээлттэй явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг уламжилсан. Үүний дараа шүүгдэгч Г.Ганбаатар “Миний өмгөөлөгч БНСУ-д хувийн ажлаар явсан учраас шүүх хуралд хүрэлцэн ирэх боломжгүй. Тиймээс өмгөөлөгч нэмж авах хүсэлтэй байна. Хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү ” гэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүн таслах ажиллааны үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч хуралд ирээгүй нөхцөлд шүүх хурал хойшлох үндэслэл болно гэсэн заалт бий. Тэрхүү хуулийн дагуу шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтүүдийг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж танилцуулсан билээ. Гэхдээ шүүгчид дээрх хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан.
О.Зоригт хурал үймүүлж, шүүгч нар хууль зөрчив
Хурлын ажиллагааны явцад Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт шүүгч нар руу хандан “Та нар ялаа хурдан өг. Би дараагийн арга хэмжээгээ авна шүү” гэсэн сүрдүүлэгтэй үгсийг шүүгчид рүү хэлж нэг хэсэг давшлав.
Хэсэг хугацааны дараа шүүгч нар шүүгдэгч Г.Ганбаатарын хавтаст хэргийг шүүгдэгч Ч.Амарболд нарын хэргээс тусгаарлаж улмаар шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаа оролцогчдод танилцуулав.
Энэ үеэр хохирогчийн өмгөөлөгч О.Баасанхүү шүүх бүрэлдэхүүнд хандан “Хэрэг тусгаарлаж байгаа үндэслэл нь хуульзүйн алдаатай байгаа учраас тухайн үндэслэлийг хуульзүйн хувьд зөв болгохын тулд бүрэлдэхүүнээс татгалзахаас өөр гарц алга” гэсэн саналыг хэлэлцүүлгийн үеэр тавьлаа.
Түүний дараа шүүгдэгч Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар танхим дүүрэн шуугиан дэгдэж шүүгч нарыг алдаатай шийдвэр гаргасан учраас хэлэлцүүлгийг үргэлжүүлэх ёсгүй гэсэн байр сууриа хохирогч, шүүгдэгч нарын талынхан илэрхийлж байв. Тэд шүүх бүрэлдэхүүн хууль зөрчсөн шийдвэр гаргалаа гэж үзэх болсноо дараахи байдлаар тайлбарласан билээ.Үүнд шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125.2 зааснаар аль ч үед хэргийг тусгаарлаж болох эрхтэй. Гэвч зөвхөн шүүгдэгч хуралд ирээгүй тохиолдолд л хавтаст хэргээс хэргийг нь тусгаарлаж болно гэсэн заалтыг зөрсөн гэсэн тайлбар хэлсэн юм. Харин өмгөөлөгч хуралд ирээгүй тохиолдолд шүүгдэгчийн хэргийг тусгаарлах эрхзүйн зохицуулалт байхгүй гэл ээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 240.1-т зааснаар анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна гэсэн заалт байсаар байтал хэргийг нь хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Нөгөө нэг анхаарал татсан асуудал нь өмгөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно гэсэн заалтыг зөрчин шүүгч дураар авирлан шийдвэр гаргалаа гэж буруутгалаа.
Түүнчлэн шүүгдэгч Г.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдсэнийг мэдсээр байж бусад шүүгдэгч нараас хэргийг нь тусгаарласан нь бас л хууль зөрчсөн гэж үзэхээс өөр аргагүй шийдвэр гэдгийг өмгөөлөгч нар хэлж байлаа. Энэхүү саналтай улсын яллагч санал нэгтэй байв. Тиймээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг өмгөөлөгч О.Алтангэрэл гаргав. Нэгэнт бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт орж ирсэн тул шүүгч нар хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд дахин шийдвэр гаргасан нь танхимд хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийн бухимдлыг төрүүллээ.
Өмгөөлөгчийг 513 мянган төгрөгөөр торгов
Шүүгч нар хохирогч Ц.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгийн гаргасан гурван хүсэлтэд дурдагдсан шүүх ажиллагааг нээлттэй явуулж өгнө үү гэснийг хангах боломжгүй гэж үзлээ. Гэхдээ шүүх хуралдааныг хагас нээлттэй явуулах шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийг шүүн хэлэлцэх явцад зөвхөн төрийн нууцад хамаарах хэсгийг хэсэгчлэн хааж шүүх бөгөөд бусад тохиолдолд хурлыг олон нийтэд нээлттэй явуулах шийдвэр гаргалаа. Түүнчлэн шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоог хуулийн дагуу 513 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноолоо.
Үүний дараа өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргаснаа дуулгав. Шүүхийн шийдвэрүүдээс олны анхаарал татсан гол шийдвэр нь хэргийг шүүн хэлэлцэх ажиллагаанд шүүгдэгч нар саад учруулж болзошгүй байгаа тул дараагийн шүүх хурлын тов гартал шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж цагдан хорих шийдвэрээр өөрчилсөн тогтоолыг танилцуулсан явдал байлаа. Шүүгчийн алх дуугарч хурал 12.50 үед завсарлав.
Хурал завсарлаж шүүгч нар танхимаас гарч явснаас хойш гадна дотно цугласан олон дотор эсэргүүцлээ илэрхийлэн зогсч буй цагдаагийн ар гэрийнхэн олон. Бас МАХН-ын гишүүд, шүүгдэгч нарын өмгөөлөгчид энд тэндгүй бөөгнөрч зогсч, сэтгүүлчид ч хөл гишгүй зайгүй цугларсан байв.
Шүүхийн гаднах талбайд цагдаагийн томоохон албан тушаалтнуудаас эхлээд албан хаагчид нийлсэн 100 гаруй хүн шүүхийн гаднах талбайд цугларч дарга нараа "Цагдан хорих" төв рүү ачуулахгүй гэсэн хатуу байр сууриа ил далд янз бүрийн хэлбэрээр илэрхийлж байгаа нь илт. Энэ үеэр бид шүүгдэгч нараас шүүхийн шийдвэрийн талаархи байр суурийг нь сонссон юм.
Хурандаа Г.Ганбаатар: Хууль зөрчсөн шийдвэр гаргалаа
-Таны хэргийг хавтаст хэргээс тусгаарласан нь хэр хуульзүйн хувьд хэр үндэслэлтэй гэж үзэв ?
-Миний асуудлыг тусад нь авч үзсэнийг огт ойлгосонгүй. Хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Манай өмгөөлөгч албан ажлаар БНСУ- руу 21 хоногийн хугацаатай гуравдугаар сарын 8-ны өдөр явсан. Үүнтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг манай өмгөөлөгч гаргасан. Харин тэр хүсэлттэй танилцаад шүүх хурлыг хойшлуулах боломжгүй гэх шийдвэр гаргаж байгаа нь хууль бус. Нэг цулаар нь шийдэх ёстой хэрэг. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргээс хэргийг салгах шаардлага байхгүй, нэг цулаар нь шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч хүлээж авах боломжгүй гэлээ.
-Өмгөөлөгч гадаадад явсан тухай баримт хангалтгүй гэж үзсэн юм биш үү?
-Шүүх хуралдааныг явуулахгүй байх саад хийж байна гэж шүүгч нар үзэх хандлага гаргаж байгаа бол би нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Манай өмгөөлөгч Д.Оросоогийн 21 хоногийн томилолтын хугацаа дуусах хүртэл хүлээх боломжгүй гэвэл нэмж авая гэдэг асуудал тавьсан. Түүнээс нэмж өмгөөлөгч авах шаардлага байхгүй. Өмгөөлөгч албан ажлаар явах нь ганц надаас шалтгаалахгүй. Тэр хүн өөр олон хэрэгт өмгөөлөл үзүүлдэг. Энэ шугамаараа албан ажлаар явах шаардлага гарсан гэж би ойлгож байгаа. Миний асуудал чухал, бусад үйлчлүүлэгчээ хая гэж хэлэх эрх надад байхгүй. Д.Оросоо өмгөөлөгч байцаан шийтгэх хуулийн дагуу шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ гаргасан байхад үүнийг хэрэг тусгаарлах үндэслэл болгож байгаа нь хууль бус ажилллагаа юм.
-Таны өмгөөлөгч байхгүй гэх үндэслэлээр хэргийг салгаж байгаа нь энэ хэргийн агуулга алдагдаж байгаа юм биш үү?
-Бид дөрөвт холбогдуулж буй энэ хэргийг нэг дор нэг шүүх хурлаар асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл зарим нэгийг нь тусгаарлаад зарим нэгийг нь шүүх гэж байгааг хууль бус гэхээс аргагүй. Энэ бол шүүх улс төрийн дарамт шахалтад орсон юм биш биз дээ гэсэн хардлагыг төрүүлж байна
Хошууч генерал Ч.Амарболд: Хохирогчийн өмгөөлөгч ч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шүү дээ
-Дөрвөн жил гаруйн хугацаанд та бүхэн өөрсдийн байр сууриа илэрхийлэлгүй шалгагдсан. Өнөөдөр шүүхээс гаргасан шийдвэрийг юу гэж хүлээж авч байна вэ?
-Би биш, бид биш энэ хэргийн Улсын яллагч, хохирогчид нь шүүх бүрэлдэхүүнийг хууль бус шийдвэр гаргалаа гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргаж байна. Өнөөдөр нэг өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй. Тиймээс өөрийг нь хамгаалах хууль ёсны эрх зүйн чадамжгүй байна хэмээн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасны төлөө шүүх хуралд саад учруулж болзошгүй гэж үзэн биднийг цагдан хорих шийдвэрийг шүүх гаргалаа. Шүүгчийн энэ үйлдэл хууль бус гэдгийг Улсын яллагч, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүмүүс хүртэл хэлж, хууль бус шийдвэр гаргасан энэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж байна.
-Хурандаа Г.Ганбаатарт холбогдох хэргийг тусгаарлан шалгах болсон талаар багагүй маргаан дэгдсэн гэсэн?
-Улсын яллагч нь хүртэл эдгээр хүмүүсийн хэргийг хамтад нь шалгаж байж энэ хэргийн үнэн зөв нь тогтоогдоно гэж хэлээд шүүх хууль бус шийдвэр гаргалаа хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс Улсын яллагч нь хүртэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан. Өнөөдөр Монголын шүүхийн шүүгч хуулиа өөрөө орой дээрээ залах ёстой байтал хуулиа гишгэлж байна. Бид шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна. Монголд хуулиа дээдэлдэг шүүгчид байгаа гэдэгт итгэж байна. Хууль гэдэг зүйл энэ нийгмийг эмхэлдэг хүчин зүйл. Үүнийг ингэж уландаа гишгэлбэл Долдугаар сарын 1-нийх шиг замбараагүй зүйл болно.
-Тэгэхээр УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албан дээр тусдаа шалгагдаж байгаа Эргүүл хамгаалалтын албаны цагдаа нарын хэргийг ч мөн энэ хэрэгтэй хамтатган шалгах ёстой гэсэн үг үү?
-Эргүүл хамгаалалтын цагдаа нарын хэрэг гэж байх ёсгүй. Тэд буруугүй. Хохирогчид хүртэл энэ хэргийг дэндүү өрөөсгөлөөр шийдэж байна гэдгийг хэлж байна.
-Шүүх хараат шийдвэр гаргалаа гэсэн үг үү?
-Тийм. Монголын шүүх хуулиа уландаа гишгэлж байна. Тиймээс бид шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа. Монголд хуулиа дээдэлдэг шударга шүүгч байгаа гэдэгт итгэж байна. Монголд зүг зүгээр байгаа иргэнээ хорих хууль байхгүй. Бид ч гэсэн эрхтэй. Бидэнд хүний эрх гэгч зүйл олгогдсон. Шүүх ажиллагаанд саад учруулна гэдэг зүйл чинь үйлдэлээр тодорхойлогддог зүйл. Бид шүүх ажиллагаанд саад учруулах ямар ч үйлдэл хийгээгүй. Тиймээс манай өмгөөлөгч шүүхэд энэ асуудлаар хандана.
Хурандаа О.Зоригт: Шүүх хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа бол би амьд явах хэрэг алга
-Дөрвөн жилийн хугацаанд та бүхэн ямар нэг зүйл хэлэлгүйгээр шалгагдлаа. Шүүгчийн өнөөдөр гаргасан захирамжийг та юу гэж хүлээн авч байна вэ?
-Шүүгч хууль бус шийдвэр гаргалаа. Шүүх хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа бол би амьд явах хэрэг алга байна шүү дээ. Монголд хууль гэж алга. Хурандаа Г.Ганбаатарт холбогдох хэргийг энэ хэргээс таслан шалгах нь хууль бус шийдвэр. Цагдан хорих шийдвэр гаргаж байгаа шүүхийг харсан Улсын яллагч, хохирогчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргалаа. Хуулиа дээдлэлгүй, хараат шийдвэр шүүхээс гаргаж байна. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дуугүй л шалгагдсан. Бидэнд ч гэсэн хүний эрх гэж зүйл байгаа шүү дээ. Монголд хуулиа дээдэлдэг шүүгч байгаа гэдэгт итгэж байна.
-Шүүх хараат шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа юм уу?
-Үүнийг нь хохирогчид нь хүртэл хэлж байна шүү дээ. Энэ хэрэгт дөрвөн жил хяналт тавьсан Улсын яллагч нь хүртэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна. Ингэж Монголын хуулийг уландаа гишгэлж болохгүй. Шүүгчид чинь хуулиа орой дээрээ залах ёстой хүмүүс шүү дээ. Хууль бус шийдвэр гаргаж байна гэж хэлээд байхад шүүх нь чихээ таглаад, нүдээ аниад суугаад байна. Шүүгчид нь хуулиа дээдлэхгүй юм бол дахиад долдугаар сарын нэгний хэрэг шиг нийгэмд замбараагүй байдал үүснэ шүү дээ. Гэхдээ Монголд хуулиа дээдэлдэг шүүгч байгаа гэдэгт итгэж байна.
Хурандаа Ш.Батсүх: Эсэргүүцэж байна
-Шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байна уу?
-Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Тухайн үед хэргийн газар цагдаа хамгаалалт гараагүй бол дотор байсан 60 гаруй хүн шатаж үхэх байсан. Таван хүний амь настай холбоотой асуудалд зөвхөн бид буруутай болж байгаа нь харамсалтай байна. Бид дөрвөн жил шүүх, хяналтын байгууллагаар явсан. Шийдэгдэхгүй өдий хүрсэн атал шүүхийн шийдвэр гарч биднийг хорьж байна. Долдугаар сарын 1-ний асуудлаар хэн ч үг хэл гаргахгүй өдий хүрсэн. Гэтэл “Цагдаа хүн буудсан” гэсэн үндэслэлээр буруутгаж байна. Үнэндээ цагдаа хүн буудсан гэдгийг тогтоогоогүй байгаа. Тухайн үед биднийг хамгаалалт хийх үеэр хотын төвд байсан хар машинуудыг хэн ч шалгаагүй.
-Ард иргэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байна, таны хувьд юу гэж дүгнэх вэ?
-Бидний төлөө хүрэлцэн ирсэн энэ олон хүмүүст баярлаж байна. Энэ хүмүүс зөвхөн шудрага үнэний төлөө жагсаж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхээр иржээ. Миний хувьд 12 жил Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эргүүл хамгаалалтын ажил хийсэн. 1992 оноос хойш Цагдаагийн албанд ажиллаж байна. Аль ч цаг үед ажиллаж ирсэн үүрэг хүлээсэн цагдаа хүн. Гэтэл одоо дэндүү улстөржиж байна. Цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэснийхээ төлөө шүүхээс шийтгэл авч байгаа нь 1937 оны хэлмэгдүүлэлттэй адил болж байна.
Үдээс хойш цагдаагийн албан хаагчид шүүхийн гадна нэмэгдэж ирсээр л байлаа. Харин хохирогч нарын нэг ч үзэгдсэнгүй. Бүгд явцгаасан бол шүүгдэгч нарын өмгөөлөгчид дүүргийн ерөнхий шүүгчид гаргасан гомдлынхоо хариуг хүлээсээр 15.00 цагтай золголоо. Энэ үеэр шүүхийн хаалгаар шүүгч Ч.Хосбаяр гарч ирсэн нь бөөн хөл хөдөлгөөн болгож орхив.
Хэвлэл мэдээллийнхэн түүнийг бүчин авч хууль бус шийдвэр гаргасан гэж шүүгдэгч нарын үзэж байгаа тайлбарт хариу нэхсэн. Гэвч тэрбээр”Шүүгдэгчийн өмгөөлөгч бүрэлдэхүүнээс татгалзсан. Шүүхийн шийдвэрийн талаар тайлбар хийх эрх надад байхгүй” гэж хэлээд зугтаж одов. Үйл явц өрнөж оройн 15.50 цагийн үед хурандаа Ш.Батсүхийн биеийн байдал муудаж түргэн тусламж ирсэн юм.
Яаралтай түргэн тусламжийн эмч шүүгдэгч нарын биед үзлэг хийснээр оройн 16.40 цагт дүүргийн эмнэлэг рүү авч явах болов. Уг нь шүүгч тэднийг “Цагдан хорих” төвийн эмнэлэг рүү хүргүүлж хэвтүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан ч ар гэрийнхэний ширүүн эсэргүүцэлтэй тулгарснаар арга буюу дүүргийн эмнэлэг рүү хүргүүлэх шийдвэрт хүрсэн гэж зарим хөндлөнгийн хүмүүс хэлж байлаа. Ингэснээр Ч.Амарболд нарыг шүүхийн танхимаас 17. 10 цагийн үед түргэний тэргэнд суулган дүүргийн эмнэлэг рүү авч одлоо.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ