
ОССК-ийн Санхүү бүртгэл, удирдлагын газрын захирал Д.Мөнхжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Танайд хандаж байгаа иргэд орон сууцны үнэ өндөр, дээрээс нь “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн жагсаалтад багтсан барилгуудаас жижиг метр квадраттай орон сууц олдохгүй гэсэн гомдлыг нэлээд хэлж байна. Та үүнд албаны хүний хувьд хариулт өгөөч?
-4000 төрийн албан хаагчийн орон сууцны зээлд хамрагдсан иргэд орон сууцаа зах зээл дээрээс чөлөөтэй сонгож байсан. Энэ удаагийнх шиг тодорхой жагсаалт гаргалгүйгээр хэрэгжсэн. Энэ удаад ЗТБХБЯ-ны яамны харьяа агентлаг энэ жагсаалтыг боловсруулж гаргасан. Яамнаас тодорхой бодлого баримталж энэ жагсаалтыг гаргасан байх. Орон сууцны санхүүжилтийн корпораци энэ жагсаалтыг гаргахад оролцоогүй тул үүн дээр тайлбар хийх боломжгүй байна. Гэхдээ зарчимын хувьд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт багтсан сууцнаас заавал сонголт хийх ёстой гэсэн зүйл байхгүй. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт багтсан сууцнууд бол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийн зөвхөн нэг хэсэг нь. 100 мянган айлыг орон сууцжуулахдаа бүгдийг нь моргажийн зээл болгоно гэж байхгүй. Зарим хүмүүс шууд, нөгөө хэсэг нь арилжааны банкуудаар дамжуулж зээл, бүр нөгөө хэсэг нь өөр байгууллагуудаар дамжуулан зээл авна. Манай жилийн зургаан хувийн хүүтэй зээл гэдэг бол тодорхой зорилтод бүлгийг хамарсан зээл учраас заавал тэр жагсаалтыг хамрах уу, үгүй юу гэдгийг үүнийг гаргасан байгууллага нь харгалзаж үзнэ байх. Энд мэдээж яамны бодлого явж байгаа. Үнийн хувьд яамнаас татварын бодлогоор ч байдаг юм уу зохицуулалт хийнэ байх гэж бодож байна.
-Та сая “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн жагсаалтад багтаагүй орон сууцнуудаас иргэд сонголтоо хийх боломжтой гэж ойлгогдохоор зүйл хэллээ. Үүнийг тайлбарлаач?
-ОССК дээр ирж байгаа иргэдийн сонгосон байр нь уг жагсаалтад ороогүй байгаа тохиолдол их байна. Эдгээр барилгыг жагсаалтад хамруулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Барилгын компаниуд ч мөн хоёр дахь ээлжний жагсаалтад орооч гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Эдгээр барилгууд ороод ирвэл нэлээд боломж гарах юм болов уу гэж харж байна.
-Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газраас энэ долоо хоногт иргэдийн сонголтоо хийх боломжтой 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууцны жагсаалтуудыг гаргасан. Эдгээр барилгууд руу очиж үзэхэд бүгд захиалгаа авчихсан. Эвсэл бага, дунд орлоготой иргэдийн авч чадахааргүй үнэтэй, том метр квадраттай байх юм. Ингэхээр энэ хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлж чадах уу?
-Үүнд манайхаас хариулт өгч чадахгүй. Эдгээр компаниудыг чинь өөрийн таны хэлсэн агентлаг бүртгэж байгаа. Бүртгэсний дараа барилгын компаниудтай хийж буй гэрээний явц ямар байгааг сонирхох хэрэгтэй байх.
-Одоогоор арилжааны хоёр банк сонгогдоод байгаа. Бусад банкуудын хувьд Засгийн газраас тавьж буй нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-“Төрийн банк”, “Капитал” банк одоогоор энэ зээлийг олгохоор шийдээд байгаа. Бусад банкуудын хувьд зарим нь зөвшөөрч, гэрээ хэлэлцээрийнхээ шатанд явж байгаа. Өнөөдөр л гэхэд манайхан “Голомт” банкныхантай уулзсан. Удахгүй “Хадгаламж” банкныхантай уулзана. Банкуудад энэ зээлийн нөхцөл, шаардлага, шалгуурыг танилцуулж байна.
-Санал хүлээн авч, зээлээ олгож эхлээд байгаа хоёр банкны нэг болох “Капитал”-аас иргэдийн сонгосон байрны ордер нь гараагүй байгаа тохилдолд дахин барьцаа хөрөнгө шаардана гэсэн байсан. Уг нь Засгийн газрын тогтоолоор бол иргэдийн авч буй байр нь банкны барьцаа хөрөнгө болно гэж байсан. Энэ мэтчилэнгээр зөрчилтэй зүйлс банкин дээр байгаа юм биш үү?
-Тухайн иргэн, банк, барилгын компани иргэн гурвын харилцааны асуудал. Банк түр барьцаа хангуулж явах боломж бий. Энэ бол гурван талын зохицох л асуудал.
-50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй байрнуудаас сонгоно гээд Засгийн газрын тогтоолд заасан. Ийм хэмжээний гүйцэтгэлтэй байгаа орон сууцны ордер гарахгүй шүү дээ. Хоорондоо зөрчилдөөд байгаа юм биш үү?
-Түр хугацаанд л өөр зүйл барьцаална гэсэн үг шүү дээ.
-Бага, дунд орлоготой иргэдэд банкны шаардлагыг хангах тийм барьцаа байх уу?
-70-80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцанд л банк зээл олгоно. Түүнээс 50 хувь энэ тэр байхад нь зээл гаргахгүй. Түр барьцаа бол байж болно. Яаралтай сууцандаа ормоор байгаа бол барилгын компанид банкаар дамжуулан зээл авч мөнгийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Ингэхдээ барьцаа хөрөнгөө хэрхэх нь тухайн хүний хувийн асуудал. Зарчмын хувьд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсаны дараа банк иргэдэд зээл олгох ёстой шүү дээ.
-Энэ хөтөлбөрт мөн анх удаа орон сууц авч байгаа гэсэн шаардлага тавьсан. Яг өөрийн эзэмшилийн орон сууцгүй хэрнээ бусдын байран дээр хамтран эзэмшигчээр бичүүлсэн хүмүүс авч чадахгүй их бухимдаж байгаа. Хөтөлбөрийн зорилтоо хангахын тулд үүнд арай уян хатан хандаж болохгүй юм уу?
-Түүхчилсэн лавлагаан дээр ямар нэгэн орон сууц эзэмшиж байсан гэсэн мэдээлэл байх ёсгүй. Энэ бол тодорхой хэсэгт л зориулагдсан хөтөлбөр шүү дээ.
-Иргэний бүртгэлд хандаж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь энэ асуудлаас болж буцаж байна гэсэн. Энэ асуудлыг эргэж ОССК-д тавьбал үр дүн гарах болов уу гэсэн зүйлийг ярьж байсан?
-Одоогоор бол энэ шаардлага л мөрдөгдөнө. Цаашдаа үнэхээр тийм статистик гараад байвал өөрчлөлт оруулах асуудлыг эрх бүхий байгууллага нь мөрдөнө байх.
-Өдөрт дунджаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хэчнээн хүний материалтай танилцаж, хэдийг нь банк руу явуулж байна вэ?
-Өдөрт энэ хөтөлбөрийн талаар мэдээлэл авах, өргөдөл өгөх гэсэн 500-600 хүн манайхаар үйлчилүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд манайх өргөдөл аваад удаагүй байгаа. Өдөрт 30-аас дээш хүний өргөдлийг хүлээж авч, богино хугацаанд шийдвэрлэж өгч байгаа.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ