
Улсын маань нийслэл Улаанбаатар хотын хүн амь аль хэдийнэ нэг саяд хүрч, дэлхийн томоохон метрополис хотын нэг боллоо хэмээн нийтэд зарлаж байсан нь саяхан. Гэтэл хүн амын төвлөрөл их болохын хэрээр агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, халдварт өвчний тархалт гээд олон сөрөг зүйлийг ар араас нь дагуулах болсон. Энэ бүхнээс ангижрахын тулд ямар ямар гарц байж болохыг шийдвэр гаргах түвшнийхэн ярьцгаадаг ч төдийлөн үр дүнгээ өгч чадахгүй л байна. Хамгийн ойрын жишээ гэхэд хотын төвөөс зайдуу оюутны хотхон барьж, 150 мянган оюутныг төвлөрүүлэх санаачлага байлаа.
Түүнээс гадна тэнд зөвхөн оюутны хотхон бариад орхичихгүй. Эрүүл мэндийн төв, цагдаагийн газар, худалдаа үйлдвэрлэлийн салбарууд гээд бүхий л зүйлийг бий болгоно гэсэн сайхан төлөвлөгөө уг нь бий. БНХАУ, Канад гээд оюутны хотхоныг бусад орнуудад үлгэр дуурайлал үзүүлэхээр байгуулж чадсан эдгээр улсуудад л гэхэд хамгийн том хотхон нь л гэхэд 40-50 мянган оюутантай байдаг. Гэтэл манайх үүнээс гурав дахин их оюутантай хотхоныг 10 мянган га талбайд байгуулна гэж төлөвлөөд байгаа.
Хотхон биш бүхэл бүтэн хот барих хэмжээний төсөв хөрөнгө гаргаж, сургалт, эрдэм шинжилгээний, суурьшлын, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн, худалдаа үйлчилгээ, соёл амралтын гэсэн дөрвөн бүстэй байна гэх мэтээр төлөвлөж байсан энэ хотхоныг барьж дуусгах хугацааг 2020 он байна хэмээн ярьцгааж байлаа. Гэтэл сүр дуулиантай эхэлсэн энэ ажил өнөөдөр зөвхөн сонгуулийн амлалтын хөшүүрэг төдий болоод байгаа нь харамсалтай.
Анх оюутны хотхоныг барих газрыг Налайх дүүргийн III, IV хорооны нутаг дэвсгэр, Шивэртийн хөндий хэмээх газар барина гэцгээж байсан. Гэтэл Налайхад Шивэртийн хөндий гэж байдаггүй бөгөөд, Шивээтийн хөндий л гэж байдаг талаар сонсогдох болов. За энэ газар усны нэр андуу хэлэгдэх ч дүүрч гэж байтал хотхоныг барих Ашиглалтын өмнөх захиргаанаас гаргасан шийдвэрээр уг газарт байгаль орчин, геологи, геодезийн байршлын судалгааг хийхэд хотхон барих боломжгүй болох нь тогтоогдсон билээ.
Хотхоны барилгын ажлыг эхлэхээс өмнө байрлал зүйн судалгаа, инженер геологийн дүгнэлт, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, усны гидрогеологийн гэсэн дөрвөн том судалгаа хийх гарцаагүй шаардлагатай байдаг ажээ. Харин судалгааны дүнд хотхон барихаар сонгосон Шивээтийн хөндий нь өргөөшөө найман км үргэлжилсэн мөнх цэвдэгтэй, барилга барих нөхцөл хүнд гэсэн дүгнэлтийг тус газраас гаргасан.
Тиймээс хотхон барих өөр газрыг сонгох болсон нь Багануур дүүргийн IV, V хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрмэнтийн хөндий гэдэг газрыг сонгожээ. Гэтэл мөн л Багануурт Хүрмэнтийн хөндий гэж байдаггүй Нүүрэнтийн хөндий хэмээх газар байдаг талаар учир мэдэх хүмүүс хэлж байна. Одоо тэр газарт барилга байгууламж барьж болох эсэхийг шалгах бөгөөд газар гэсэхтэй зэрэгцэн энэ ажил өрнөнө. Үүнд багагүй цаг хугацаа зарцуулагдана.
Гэтэл 2020 он гэхэд шинэ хотхон бэлэн болно хэмээн том ам гарсан албаны хүмүүс амласан хугацаа нь аажим аажимаар дөхөж байгаа энэ үед цэвдэгтэй байсан ч хамаагүй барилгын ажлыг эхлүүлэхийг шаардаж эхэлсэн гэнэ. 16-18 их наяд төгрөгөөр барихаар тооцоолсон энэ хотхоныг улсын төсөв, гадны орнуудын Засгийн газрын буцалттай болон буцалтгүй тусламж, уян нөхцөлтэй зээл, зэрэг долоон төрлийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл цэвдэгтэй газарт хотхон байгуулахад бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө бараг 1.5-2 дахин өсдөг байна.
Гэтэл энэ их мөнгийг салхинд хийсгэхийг төрийн өндөр сэнтий рүү залрахыг хүсэгчид юм нь чинээ тоохгүй байгаа бололтой. Тэртэй тэргүй ард түмний халааснаас гарах юм чинь хэмээн тэд бодож суугаа юм биш биз, цаадуул чинь.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ