
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 10 дугаар сарын 16-19-нд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Жиоржио Наполитаногийн урилгаар Итали Улсад албан ёсны айлчлал хийж, 17-ны үдээс өмнө Ватикан Улсад айлчилж, Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Ёсиповичийн урилгаар 10 дугаар сарын 19-20-нд Бүгд Найрамдах Хорват Улсад төрийн айлчлал хийнэ.
Бүгд Найрамдах Итали Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Итали Улсын Ерөнхийлөгч Жиоржио Наполитанотой албан ёсны хэлэлцээ хийж, Депутатын танхимын Ерөнхийлөгч Жианфранко Фини, НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Жак Диуф, Ломбарди мужийн Ерөнхийлөгч Роберто Формигони, Милан хотын дарга Жулиано Писапиа нартай уулзана.
Ватикан Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Гэгээн хутагт XVI Бенедикттэй уулзаж, Монгол, Ватиканы найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно.
Бүгд Найрамдах Хорват Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хорват улсын Ерөнхийлөгч Иво Ёсиповичтэй харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон бусад асуудлаар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд хатагтай Ядранка Косор, Парламентын Ерөнхийлөгч Лука Бебич нартай уулзана.
Монгол Улс Итали, Хорват Улсуудтай хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, малын эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газрын тос, аялал жуулчлал, эрүүл мэнд, зам, тээвэр, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ