Универсиадын танхимын нээлт боллоо
2012-03-19

Монголын оюутны спортын холбоо / МОСХ/ нь оюутан, залуучуудын биеийн тамир, спортын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг их, дээд сургуулиудтай хамтран явуулж ирлээ. Олон улсын оюутны спортын үзэл, санааг дэлгэрүүлэх, “Бага олимп” хэмээгдэх дэлхийн оюутнуудын “Универсиад” наадмын мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааг хөгжүүлэх, судлаач, багш, дасгалжуулагч, оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор МУБИС-тай хамтран “Универсиадын танхим”-ыг улсын хэмжээнд анх удаагаа Монгол улсын боловсролын их сургуулийн салбар “Биеийн тамирын сургууль” дээр МОСХолбоо нээх гэж байна. “Универсиадын танхим”-ыг нээх ёслолын ажиллагаа нь МУБИС-ийн БТС дээр 2012 оны 03 сарын 19-ны өдрийн 11:00 цагт болно. Нээлтийн ажиллагаанд БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, МУБИС-ийн ректор Б.Жадамбаа болон МОСХ-ны УЗ-ийн гишүүд, ИДС-ийн удирдлага, багш, оюутан, спортын холбоодын төлөөлөгч нар оролцоно. Энэхүү “Универсиадын танхим” нь МУБИС болон бусад ИДС хооронд ашиглагдах бөгөөд оюутан залуучууд, багш, дасгалжуулагч, тамирчдын мэдлэгийн хүрээг тэлэх, тэдний танин мэдэхүйд тус дэм болох, эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн,  чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, сургуулийн дотоод соёл, үзэмжийг сайжруулахад чухал хувь нэмрээ оруулна. Цаашид энэхүү үлгэр жишээ танхимыг үндэслэн манай улсын олон арван ИДС дээр шинээр олон “Универсиадын танхим” нээгдэнэ. Түүнчлэн МОСХолбоо энэ онд “Оюутны спорт ба Универсиад наадам” нэртэй номыг хэвлүүлэн гаргахаар бэлтгэж байна. Энэхүү ном нь 3000 гаруй хувиар хэвлэнэ. Уг номонд дэлхийн оюутны спорт, ОУОСХолбоо, Азийн ОСХолбоо, Универсиад наадам, оюутны ДАШТ, Монголын оюутан залуучууд 1965 оноос эхлэн Универсиад наадамд оролцсон түүхэн амжилт, МОСХолбоо, түүний үйл ажиллагааны тухай гарах юм. Энэхүү номыг БСШУЯ-наас ИДС-ийн биеийн тамирын хичээл, сургалтанд ашиглуулах шийдвэр гаргасан байна. Мөн МОСХолбоо нь 2012 оноос эхлэн “Боловсрол” ТВ гэрээ байгуулан “Оюутны спортын боловсрол”-ын талаар төрөл бүрийн нэвтрүүлэг хийж эхэлжээ.      МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО  
Shuud.mn
Сонин хачин