
“Шинэ Үе Урлаг” нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг байгаль дэлхийтэйгээ нэгдэх аяны хүрээнд энэ сарын 22 буюу “Ус хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Усгүй урсгал” үзэсгэлэн гаргах гэж байна. Уг үзэсгэлэнг Монгол дахь дэлхийн байгаль хамгаалах сан, Усны газар дэмжин, хамтарч ажиллаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 22-ны 9.30-14.00 цагийн хооронд Засгийн Газрын ордонд хурал, үзэсгэлэн гэсэн хэлбэрээр явуулах юм. Мөн уг үзэсгэлэн 23-наас 27-ны хооронд Монголын Уран Зургийн Галерейд үргэлжлэн гарах юм.
Дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдгээс 97,5 хувь нь далай тэнгисийн шорвог ус, үлдсэн 2,5 хувь цэнгэг уснаас бүрддэг. Харин цэнгэг усны 68,7 хувь мөс хэлбэрээр байдаг байна. Одоогоор дэлхийн хүн ам цэвэр усны 54 хувийг хэрэглэж дууссан гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Хүн амын усны хэрэглээ одоогийн түвшнээр үргэлжилвэл, 2025 онд цэвэр усны нөөцийн 70 хувийг хэрэглэнэ гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээнд онцолсон бол 2025 онд 48 орны 3 тэрбум хүн усны гачигдалд нэрвэгдэнэ гэж үзэж байна.
Тэгвэл уран бүтээлчид ч өөрсдийн өвөрмөц өнгө аястай бүтээлээр хэрхэн нэгдэж, хүн төрөлхтөнд уриалж буйг энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм. Уг үзэсгэлэнд “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн Л.Энхбат, гишүүн Н.Амарсайхан, Н.Мөнхбаатар, Д.Баасансүрэн, С.Зэсээ, В.Ундраа, “Хөх нар” төвийн гишүүн Т.Энхболд, уран барималч Д.Батхолбоо, чөлөөт уран бүтээлч Г.Насанбат нарын орчин үеийн урлагийн сонирхолтой төрлүүдээс бүтсэн 20 гаруй уран бүтээл дэлгэгдэх аж
Д.Цэцэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ