Дэлхийн усны өдөрт зориулсан үзэсгэлэн нээгдэнэ

img

“Шинэ үе урлаг” нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг байгаль дэлхийтэйгээ нэгдэх аяны хүрээнд “Ус хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Усгүй урсгал” хамтарсан үзэсгэлэнг олон нийтэд хүргэх гэж байна. Уг арга хэмжээг Монгол дахь дэлхийн байгаль хамгаалах сан, Усны газар дэмжин, хамтран зохион байгуулж байгаа  аж. Үзэсгэлэн энэ сарын 22-ны 9.30-14.00 цагийн хооронд засгийн газрын ордонд хурал, үзэсгэлэн хэлбэрээр нээлтээ хийх бол уг үзэсгэлэн 23-27-ны хооронд Уран зургийн галерейд үргэлжлэн гарах юм байна.   Дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдгээс 97,5 хувь нь далай тэнгисийн шорвог ус, үлдсэн 2,5 хувь цэнгэг уснаас бүрддэг. Харин цэнгэг усны 68,7 хувь мөс хэлбэрээр байдаг байна. Одоогоор дэлхийн хүн ам цэвэр усны 54 хувийг хэрэглэж дууссан гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Хүн амын усны хэрэглээ одоогийн түвшнээр үргэлжилвэл, 2025 онд цэвэр усны нөөцийн 70 хувийг хэрэглэнэ гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээнд онцолсон бол 2025 онд 48 орны гурван тэрбум хүн усны гачигдалд нэрвэгдэнэ гэж үзэж байна.   Газрын гадарга дээрх ус агаарт ууршин, үүл болон хуримтлагдаж хур тунадас буух замаар тэнцвэртэй оршиж байдаг бол хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн удахгүй бид мөнгөөр биш усаар цалинжиж болзошгүй гашуун үнэн ойртсоор байгаа билээ. Бид хоёр литр усаар шүдээ угааж, эвдэрсэн крантаас байнга ус алдаж, цэвэр усны хангамжийн хоолойгоороо байнга усаа урсгаж байдгаас манай улсын орон сууцанд амьдрагсдын усны хэрэглээ нэг хүнд өдөрт 400 литр ногдож байгаа нь зарим хөгжингүй орнуудынхаас бараг хоёр дахин давсан зэрэг олон тоо баримтыг дурьдаж болохоор байна.   Тэгвэл уран бүтээлчид ч өөрсдийн өвөрмөц өнгө аястай бүтээлээр хэрхэн нэгдэж, хүн төрөлхтөнд уриалж буйг энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм. Уг үзэсгэлэнд “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн Л.Энхбат, гишүүн Н.Амарсайхан, Н.Мөнхбаатар, Д.Баасансүрэн, С.Зэсээ, В.Ундраа, “Хөх нар” төвийн гишүүн Т.Энхболд, уран барималч Д.Батхолбоо, чөлөөт уран бүтээлч Г.Насанбат нарын орчин үеийн урлагийн сонирхолтой төрлүүдээс бүтсэн 20 гаруй уран бүтээл дэлгэгдэх аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ