
Монголын шинэ үеийн хөгжмийн видео клипний шилдгүүдийг тодруулдаг “Mongolian Music Video Awards 2011” наадам 8 дахь удаагаа энэ сарын 26-ны лхагва гаригт эхэлнэ.
Рок поп, видео клипний урлагийнхны энэ намрын чуулганд 50 гаруй студи, продакшны 160 орчим видео клип ирсэн бөгөөд эдгээр нь наадмын үндсэн 15 номинацид өрсөлдөх болно.
Энэ жилийн “Mongolian Music Video Awards 2011” наадмын гол онцлог нь Соёл урлагийн салбарынхан бид өөрсдөө болоод ирээдүй хойч үедээ органик байгаль орчинд амьдрах, органик бүтээгдэхүүн, хүнсийг хэрэглэх нь бидний ирээдүйн хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой гэсэн зарчмыг үйл ажиллагааныхаа гол чиглэлээ болгон бүх нийтийг органик хөгжилд уриалан дуудаж “Органик ирээдүй”-н төлөө нэгдэцгээе уриан дор зохион явуулж, эрүүл, ногоон орчинг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах гэж байна.
Жил бүр мэргэжлийнхэн болон үзэгчдийн анхаарлын төвд зүй ёсоор байдаг нэг чухал зүйл бол шүүгчдийн бүрэлдэхүүн. Наадмын энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд МҮОНТВ-ийн захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, “Freeline” студийн захирал, зураглаач Ц.Гансэрээ, найруулагч Р.Тулга, шог зураач С.Цогтбаяр, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, Аригу видео компанийн захирал, продюсер Л.Ариунбат, “HIFI Label”-ын продюсер Ц.Нацагдорж нар ажиллаж байна. Шүүгчдийн эхний хурал болж, наадамд өрсөлдөх бүтээлүүдтэй танилцан, эхний шүүлтийг хийсэн бөгөөд энэ жил наадамд өрсөлдөж буй клипүүд техникийн дэвшлийг ашигласан шинэлэг болохыг шүүгчид онцолж байсан юм.
“Mongolian Music Video Awards 2011” наадам нэг талаар шагнал гардуулах ёслол боловч, нөгөө талаар шоу тоглолт байж, тэр жилийн хамгийн өнгөтэй бүхнийг үзүүлдэг гэдэгтэй үзэгчид санал нийлэх биз. Уран бүтээлчид ёслолын ажиллагаандаа зориулж шинэ содон тоглолтыг бэлтгэж, тайзнаа анхны гэх тодотголтойгоор хүргэдэг нь уламжлал болсон зүйл. Энэ жилийн наадмын тайзнаа тоглогдох хөтөлбөрт үзэгчдийг гайхшруулах томоохон шоу тоглолт бэлтгэгдэж байгаа. Мөн наадамд оролцох болоод үзэхээр ирж буй эрхэм зочдын дресс код энэ жилийн наадмын өнгийг дагаж “ногоон” байхыг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна.
Наадамд хоёр дахь жилдээ ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, монголын рок поп урлагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Органик үйлдвэрлэл, Органик хэрэглээ UFC групп хамтран ажиллаж байна. Наадмын тасалбар 15.000, 10.000 гэсэн үнэтэй бөгөөд тасалбар бүрийн 500 төгрөгийг Органик үйлдвэрлэгч UFC групптэй хамтран УБ хотын авьяаслаг хүүхдүүдийн нэг цэцэрлэгийг сонгож цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм. Энэ бол Монголын орчин үеийн хөгжмийн урлаг болон бизнесийн байгууллага нийгмийн сайн үйлсийн төлөө хамтдаа нэгдэж, мөн бусдыг нэгдэхийг уриалж байгаа үйл явдал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ