
Олон Улсын театрын өдөр буюу энэ сарын 27-нд буюу Монголын драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам зохиогдоно. Энэ жилийн "Гэгээн муза" наадмын ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ажиллаж байна. Тэрбээр “Миний бие энэ наадмын шүүгчээр ажиллаж байгаагаа урлагийн охин тэнгэрийн надад хүлээлгэсэн итгэл хэмээн хүндэтгэнэ.
Уран ухаан тэнцсэн, авьяас билгийн сор болсон бүтээлийг нэн тэргүүнд дээдэлнэ. Наадмын агаарыг ариун байлгаж, үнэнийг эрхэмлэнэ. Энэ наадмын үнэлгээ нь өнөөгийн он жилийн урлагийн бүтээлийн үнэлгээ болох тул мэрийж, хичээнэ. Сайн сайхан бүтээлийн боол нь байх журмыг сахина. Эрхэм бодолдоо үнэнч байж, энэхүү үүргээ үнэн зөв биелүүлэхээ урлагийн охин тэнгэр Музагийн өлмий дор андгайлж байна” хэмээн тангаргаа өргөлөө.
Мөн тус наадмын хөгжимт жүжгийн төрлийн эксперт шүүгчээр УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ш.Найдандорж ажиллаж байна. Мөн наадмын шүүгчээр урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, театр судлаач Н.Батсайхан, урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн, зохиолч Д.Урианхай, урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Н.Эрдэнэсамбуу, Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Энхманлай нар ажиллаж байгаа юм.
2011 оны драмын урлагийн шилдгийг тодруулах “Гэгээн муза-2011” ес дэх удаагийн наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдөр УДЭТ-т Говьсүмбэр аймгийн "Боржигон" чуулгынханы "Боржигон цэцэн" жүжгээр эхэллээ.
Энэхүү жүжиг нь шилдэг дуулалт жүжиг, оны шилдэг жүжгийн найруулагч, оны шилдэг тайзны зураач, оны шилдэг хөгжмийн зохиолч, оны шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр гэсэн төрөлд нэр дэвшээд байгаа юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ