Б.Бат-Орших: Шинэчилсэн заавар батлагдсан
Аливаа гэмт хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан хүмүүстэй хуулийн байгууллагын ажилтнууд харьцахдаа хүний эрхийг зөрчиж байна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд бий. Тэр ч бүү хэл хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцдаг тухай гомдол ч Хүний эрхийн үндэсний комисст цөөнгүй ирдэг тухай судалгаа гарсан. Хэдийгээр Монгол Улс Эрүү шүүлтийн эсрэг НҮБ-ын конвенцид 2000 онд нэгдсэн ч эрх зүйн орчин бүрдээгүй, зарим хуулийн зүйл заалт зөрчилддөг учраас конвенцийн хэрэгжилт тааруу гэдгийг ч мэргэжлийн байгууллага хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн байцаан шийтгэх ажиллагаа ч удаашралтай явагддаг зэрэг олон гомдол мэдээлэл иргэдээс ирдэг юм. Тэгвэл хүний эрхийг зөрчихгүй мөрдлөгө явуулах, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын арга хэлбэрийг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа болон ял эдлүүлэх ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан зааврыг Улсын ерөнхий прокурорын тушаалаар шинэчлэн боловсруулж гаргасан байна. Шинэчилсэн заавартай холбоотой асуудлаар нийслэлийн прокурор Б.Бат-Оршихтой ярилцлаа.
-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан зааварыг Ерөнхий прокурорын тушаалаар гаргасан тухай мэдээллийг дэлгэрэнгүй өгөөч?
- Прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийн нэг бол хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих. Тэгэхээр хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтыг боловсронгүй болгох зорилгоор Ерөнхий прокурорын газраас тодорхой үе шаттай олон ажлуудыг хийж ирсэн. Энэхүү ажлын хүрээнд хэрэгжүүлж буй нэг томоохон өөрчлөлт бол өнөөдөр олон нийтэд танилцуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналт тавих чиглэлээр гаргаж байгаа шинэчилсэн заавар байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 2002 оноос хойш орсон өөрчлөлтүүдийг авч үзвэл прокурор шүүхийн өмнөх шатны бүхий л шийдвэрийн талаар гаргах эрхтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхлээд хэрэг үүсгэхээс татгалзах, түтгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох гэх мэтийн процессийн шийдвэрийг прокурор өөрөө гаргах эрхтэй болсон.Тэгэхээр энэ байцаан шийтгэх хуульд оруулсан өөрчлөлтүүдтэй уялдуулж прокурорын ажилд, мөн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад дагаж мөрдөх аргачилсан зааврыг өөрчлөх, зарчмын шинэчлэл хийх зайлшгүй шаардлага урган гарсан гэж үзэж болно. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа нэг зүйл бол Улсын ерөнхий прокурорын тушаалаар гаргасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан зааврыг гаргалаа. Энэ аргачилсан зааварт бид хэд хэдэн зүйлийг шинээр оруулж ирсэн гэж хэлж болно.
- Тэгэхээр Аргачилсан зааварт ямар ямар зүйлийг шинээр оруулсан бэ?
-Юуны өмнө прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааг удирдан чиглүүлэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл та шийдвэр гаргаж байгаа бол тэр процессийг удирд, чиглүүл, үүрэг даалгавар өг, өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтэд хяналт тавь гэсэн зарчмын шаардлагыг тавьж байна. Манай байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос янз бүрийн гомдол гардаг. Тодруулбал байцаан шийтгэх ажиллагаа удаашралтай явагдаж байгаа тухай, мөрдөн байцаалтын явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байна гэх мэтийн гомдол санал гардаг.
Энэ гомдол санал зөрчигдсөний дараа байцаан шийтгэх ажиллагаа удааширсны дараа прокурорын байгууллагад гомдол гаргадаг. Тэрийг нь хянаж явж байсан. Тэгвэл одоогийн аргачилсан зааврын дагуу прокурор та тухай бүрд нь байцаан шийтгэх ажиллагаатай танилцаж ажлыг шуурхай явуул, энэ явцад хүний эрх эрх чөлөөг зөрчихгүй байх, баталгаа нь болж өгөх учиртай. Мөн хүний эрх эрх чөлөөтэй холбоотой тодорхой зарчмын шинжтэй өөрчлөлтүүд хамгаалахад чиглэсэн өөрчлөлт орж ирсэн. Жишээлбэл насанд хүрээгүй хүүхэл, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй зэрэг хүмүүсийн байцаан шийтгэх ажиллагаанд прокурор хяналт тавихыг тусгаж өгч байна. Мөн манайхны хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад нэлээд их яригддаг зүйл бол процессийн ажиллагааны явцад эрүүдэн шүүх хэргийг хүчээр хүлээлгэсэн зодсон ч гэдэг юм уу иймэрхүү гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд гардаг. Тийм учраас зарим нэг байцаан шийтгэх ажиллагаанд прокурор заавал оролцох ёстой, эсхүл мэдээллийг газар нь дээр нь шалгах гэдэг ч юм уу иймэрхүү ажиллагаар хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааг прокурор удирдаж явуулах тухай зааж өгсөн. Түүнчлэн зарчмын шинжтэй хүний эрх эрх чөлөөг хангахад чиглэсэн бас нэг асуудал бол сэжигтэн яллагдагчаар татахад шинжилгээ хийлгэх, нүүрэлдүүлэн байцаах зэргийг хийхдээ мөрдөн байцаагч прокурорт заавал танилцуулсны үндсэн дээр хийх, тэр шийдвэрүүдийг гаргаж байхаар тусгаж өгсөн.
-Сэжигтнээр татан цагдан хорьсон зарим тохиолдлууд үндэслэлгүй байдаг гэсэн гомдол иргэдээс цөөнгүй гардаг?
-иргэдээс ийм гомдол гарах тохиолдол бий. Тухайлбал цагдан хорих арга хэмжээг авахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн яллагдагчаар татахдаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч шийддэг байхаар тогтлоо. Мөн байцаан шийтгэх ажиллагааг шуурхай явуулах, талаар хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нарын хариуцлага тэдний мэдлэгтэй холбоотой асуудлыг прокурорын байгууллага нэлээдгүй тавьдаг. Жишээлбэл хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч ийм нотлох баримтыг цуглуулж байна,хэргийг нэг талд шийдвэрлэх гэсэн хандлага байна гэх зэрэг гомдол гардаг. Тийм учраас үнэхээр хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хууль зөрчсөн, эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байгаа бол тухайн мөрдөн байцаагчийн ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авч, шийдвэр гаргаж болно гэсэн зарчмын өөрчлөлтийг оруулж өгсөн. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хяналт тавих түүнийг шуурхай шийдвэрлүүлэх гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх гэх мэтийн асуудалд прокурорын байр суурийг нэлээд тодорхой болгож тавих хянал өөрчилж өгсөн. Зааварт өөрчлөлт орсонтой холбоотой мэдээллийн шинжтэй зүйл хэлэхэд өнөөдөр хүртэлх прокурорын явж ирсэн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хяналт дууссны дараа хяналт тавьж буй прокурор нь шалгалт судалгаа хийх, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарт олон ажлыг хардаг байсан бол. Нийслэлийн прокурорын газарт хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих мэргэжлийн прокуроруудыг анх удаа . Энэ прокурорууд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг удирдан чиглүүлэх, хүний эрх эрх чөлөөг зөрчих гэж байгаа эсэхэд хяналт тавь ж эрүүгийн хэргийн шийдвэрүүдийг гаргах. Үйл ажиллагаанд саад болох техникийн шинжтэй ажлуудыг авч байгаа юм. Тэгэхээр прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааг удирдах процессийн үйл ажиллагаатай өөрийн үйл ажиллагаатаый уялдуулах боломжтой болж байгаа юм. Энэ заавар журам гарсны дараа мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар нэг тодорхой кесс байхад янз бүрийн шийдлийг гаргахад зөрчилтэй асуудалд үүсдэг. Тэгэхээр шийдлийг нэг байлгахад чиглэгдсэн прокурорын байгууллагын хяналт тавих аргачлалыг боловсруулж байна. Үүнийг мөрдвөл тодорхой кесс тодорхой эрүүгийн хэрэгт гарах шийдвэр нэг байх, энэ дээр ямар нэг маргаан гаргахгүй байх. Хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нэг шийдэл үүсэхгүй байх зэрэг ач холбогдол бий. Иймэрхий ажлыг прокурорын байгууллагаас хийж байна.
-Прокурорууд хэр их алдаа гаргаж байна вэ?
-Прокурорын байгууллагад сахилга хариуцлага. Хэрэв мэргэжлийн алдаа гаргаж буруу шийдвэр гаргасан бол хариуцлага тооцох тухай хууль бий. Өөрөөр хэлбэл прокурор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нотлох ёстой. Хэрэв нотлогдохгүй бол сахилгын хариуцлага бий.
-Мэргэжлийн алдаа гаргасан хэдэн прокурор бий вэ?
-Өнөөдөр заавартай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа учраас бусад асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй л дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ