
УИХ-ын нэгдсэн хуралдааны өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар эхлээд зарим хуулийн эцсийн найруулгыг сонссоны дараа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь дэмжив.
Дараа нь Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн Т.Ганди тогтоолын төслийн талаар танилцуулга хийлээ. Европын холбооны нөлөө бүхий гишүүн, “Их найм”-ын нэг, Европ, дэлхийн улс төрийн амьдралд жинтэй байр суурь эзэлдэг БНИУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн тулд тус улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах нь манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан Европын холбооны улсуудтай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлтэй нийцэхийн зэрэгцээ үндэсний эрх ашигт ч, олон улсын нэр хүндэд ч чухал ач холбогдолтой.
Тус улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулснаар ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд экспортлох, эрдэс баялаг боловсруулах салбарт техник, технологи нэвтрүүлэхэд чухал нөлөөтэй. Мөн нийслэл Ром хотноо төвтэй хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд манай байр суурь, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, түүнчлэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, аялал жуулчлалын салбарт идэвхтэй харилцаа хөгжүүлэх бололцоог бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.
Манай улс БНИУ-тай 1970 онд дипломат харилцаа тогтоожээ. Одоогоор манай улсад БНИУ-ын хөрөнгө оруулалттай 40 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийтдээ 15 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа юм байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2011 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 431.3 дахь заалтын дагуу байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж үзжээ.
Нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Н.Ганбямба ямар тооцоо судалгаанд үндэслэн ийм санал гаргаж байгаа, зорчиж буй иргэдийн тоо, худалдааны эргэлтийн хувьд ЭСЯ нээх түвшинд хүрсэн эсэхийг тодруулахад Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Г.Батхишиг: Гадаад бодлогын үзэл баримтлалд Европын холбооны улсуудтай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг заасны дагуу ийм санал тавьж байгаа юм. Ер нь сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаа. Итали улсад ЭСЯ байгуулснаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад Байнгын төлөөлөгчийн газрын үүрэг гүйцэтгэх юм. Түүнчлэн Европын холбооны нөлөө бүхий энэ улсад ЭСЯ байгуулах нь зөвхөн Итали улстай биш Европын холбоотой ойр дөт хамтран ажиллах боломж бүрдэх юм гэлээ.
Мөн гишүүн Д.Дамба-Очир Европын олон оронд манай ЭСЯ байдаг, гэтэл Италид заавал ЭСЯ байгуулах гэхийн учир юу вэ, Латин Америкийн нэг ч оронд ЭСЯ-гүй байгаа шүү дээ. Ер нь УИХ ЭСЯ-дын үйл ажиллагааг тодотгож авч үзэх, тайланг нь сонсох шаардлагатай байна гэхэд Г.Батхишиг: Манай ЭСЯ-д 4-5 хүнтэй, ачаалал ихтэй ажилладаг. Ер нь ЭСЯ-гүйгээр гадаад харилцааг хөгжүүлэхэд түвэгтэй. Цаашид гадаад бодлогын шинэ үзэл баримтлалын дагуу ЭСЯ-дын байршил, үйл ажиллагааг авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
Мөн гишүүн Х.Баделхан, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Ц.Сэдваничг, Ж.Батсуурь нар Гадаад харилцааны яамны холбогдох ажилтнуудаас асуулт асууж хариулт авлаа.
Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Дараа нь ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн айлчлалд зориулсан хүндэтгэлийн хуралдаан хуралдах болсон тул УИХ-ын дарга нэгдсэн хуралдааныг түр завсаруулав.
Хүндэтгэлийн хуралдааны дараа нэгдсэн хуралдаан үргэлжилж Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ