
Ардчилсан нийгмээс өмнө манай улсад үзэл суртал нэгтэй улс орнуудын нам улс төрийн тэргүүн гэгдсэн хэн нэгний баримал, хөшөө дурсгал тэргүүтэн сүндэрлэж, хүүхэд багачууд тэдний үүх түүхийг торолгүй хэлдэг байв. Ардчиллаас хойш монголчууд хөшөө дурсгал зэрэгт анхаарал хандуулах мантай зах зээл хэмээх шинэ давалгаанд төөрч будилж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд хөшөө дурсгал, чулуун гоёлоор хот хөдөөгүй чимэх “мода” дэлгэрч, дүүргүүд тэгш өндөрлөг нэртэй цогцолборууд босгож байна. Зөвхөн дүүргүүд гэлтгүй , УИХ гишүүн эсвэл олны танил эрхмүүд аав ээж, ах дүүстээ зориулсан гантиг чулуун хөшөө сүндэрлүүлж, хөдөө орон нутагт аймгийн төвийн цогцолбор, дов толгод дээр Бурхан багшийн сэрэг дүр, суварга зэргийг сүндэрлүүлсээр...
Гантиг чулууг ийнхүү урлагийн бүтээл болгон хувиргадаг Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо буюу үйлдвэрийн баруун бүсэд байрлах “Үүдэн чулуу” ХХК-ныг зорин очлоо. Тус компани 2005 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Хөвсгөл, Сүхбаатар аймгуудад салбар үйлдвэртэй мэргэжлийн барималч, сийлбэрчид ажилладаг байгууллага ажээ. Биднийг очиход тус компанийн 10 гаруй ажилтан чулууг “амилуулах” ажлаа хийж байв. Харин хашаан дотор энд тэндгүй аварга том чулуунууд, тэдний урласан эвтэй дөрвөн амьтан, Бурхан багшийн сэрэг дүр, бар, ирвэс, Монгол Улсын газрын зураг бүхий гантиган хөшөө зэргийг эгнүүлэн тавьжээ.
Тус компанийн ажилчид хийж буй ажлаа түр орхин бидэнтэй цөөн хором ярилцсан юм.
-Чулуугаар хөшөө дурсгал босгох ажил их хэцүү бололтой?
-Хэцүү. Манай дарга МУСТА, уран сийлбэрч, Ц.Энхтайван гэдэг хүн бий. Анх тавуулаа нийлж энэ ажлыг эхлүүлсэн. Тэр үед багаж техник байхгүй бүх юмыг гараар хийдэг байсан. Харин одоо багаж тоног төхөөрөмж, крантай боллоо. Гол нь мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа болохоор өвөл, зунгүй л ажилтай байна. Ер нь өдийд л захиалга нэмэгдэж, ажлын ачаалал ихэсдэг дээ.
-Ийм том чулуунуудыг хаанаас авчирдаг юм бэ?
-Төв аймгийн Эрдэнэ сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Хархорин сум зэрэг гантиг чулуун ордтой хэд хэдэн газраас чулуугаа тээвэрлэж ирдэг. Энэ чулуунууд чинв дандаа газрын доор байдаг. Зөвхөн оройн хэсэг нь л харагдаж байдаг юм. Бид очиж, судалгаа шинжилгээгээ хийгээд өргөгч кран, техникийн хүчээр л гаргаж авдаг.
-Монгол хүн уул ус, чулуу шороогоо хөндөхдөө их болгоомжтой ханддаг. Та бүхний хувьд?
-Бид чулуугаа авчирахаар явах бүртээ лам нартай очиж, газар шороогоо аргадаж, тухайн сумын байгаль орчны холбогдох хууль журмын дагуу татвараа төлсний дараа л гантигаа гаргаж ирдэг. Нэг чулууг гаргаж ирэхэд гэрийн буйрын чинээ том нүх үлддэг тул нөхөн сэргээлт хийгээд орхидог.
-Нөхөн сэргээлтийг яаж хийдэг юм бэ. Буцаагаад битүүлэх шороо гарахгүй шүү дээ?
-Шороог бид өөрсдөө аваад очдог. Нүхийг битүүлээд зулзган мод тарих юм уу, үр тариа цацаад орхидог. Дараа нь очиход сайхан л ургасан харагддаг юм.
-Захиалга их ирж байгаа биз дээ. Хот хөдөөгүй л гантиган хөшөөнүүд сүндэрлэж байна?
-Захиалга гайгүй л байна. Гэхдээ сүүлийн жилүүдээд Хятад улсаас цутгамал гантиг их оруулж ирэх болсон. Замын хашлагыг хүртэл Хятадаас оруулж ирж байна. Гэтэл энэ нь эдэлгээ даахгүй, чанаргүй. Жишээ нь, айлууд гэртээ хятад гантигаар галын өрөөгөө гоёод удалгүй манайд засч янзлуулмаар байна гээд аваад ирдэг. Тэр чулууг нь хөрөөдөөд эхлэхэд цавуу үнэртэж, хуурамч, цутгамал гэдгийг нь батлаад өгдөг юм. Монгол улсад маань гантиг чулууны нөөц орд байна. Нэгэнт мөнгө зарж хийж байгаа зүйлийг эх орныхоо байгалийн цэвэр гантигаар хийвэл уг нь чанартай баймаар. Гэхдээ энэ асуудалд захиалагчид өөр өөрийнхөөрөө хандаж, ашиг хараад л урд захиалдаг бололтой.
-Ашиг харна гэлээ. Танайх үнэтэй хийдэг гэж үү?
-Манай нэг салбар Хөвсгөл аймагт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн төвд Чингүнжав агсаны хөшөөг сүндэрлүүлнэ гэхэд манайх төслөө үзүүлж, саналаа өгсөн. Гэтэл биднийг гүйцэтгэгчээр сонгоогүй, урагшаа явж, Хятадад хийлгэсэн гээд нэг хөшөө босгосон байгаа. Бидний хувьд зардал чирэгдэл болохгүй Хөвсгөл аймагтаа хийгээд, хөшөө орчмын талбайг давхар тохижуулахаар төсөвлөсөн байсан юм.
-Олны танил хүмүүс хэр их захиалга өгдөг вэ?
-Зөндөө бий. Өнгөрсөн онд л гэхэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн төв хийдийн хаалгыг гантиг чулуугаар хийлгүүлсэн. Энэ онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захиалгаар тохижилтод зориулсан баримлууд хийгдэж байна. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл бидэнд захиалга өглөө.
-Э.Бат-Үүл гишүүн ямар захилга өгсөн юм бол?
- Аавдаа зориулж, түүний цээж баримал хийлгүүлж байгаа. Гишүүний аав хүн бүрийн танил
Монголын хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч Сэнгийн Эрдэнэ гуай гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Таван метр гаруй том хөшөө болно. Аавынхаа төрсөн нутагт байршуулах боловуу.
-Гантиг чулуун хөшөө баримал босгоход ханш нь маш өндөр байдаг гэсэн?
-Үнэ ханшийг сайн мэдэхгүй байна. Манай дарга гадаадад яваа
-Цалин хөлс хангалттай авдаг уу?
-Боломжийн авна. Захиалга ихтэй үед нэг сая орчим төгрөгийн цалинтай.
Үүгээр бидний яриа өндөрлөсөн юм. Бэл бэнчингийн хэрээр хөшөө сүндэрлүүлэх энэ “мода” нэг хэсэгтээ арилахгүй нь мэдээж. Тиймээс өндөр өртөгөөр босдог хөшөө дурсгалаа Хятадад биш эх орондоо захиалж хийлгэдэг байгаасай гэдгийг “Үүдэн чулуу” компанийн ажилчид хүсч байгаагаа бидэнд дуулгасан юм.
П.Наран Н.Ариунаа

















СЭТГЭГДЭЛ БИЧИХ