
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркер манай улсад анх удаа айлчилж байгаатай холбоотойгоор Олон улсын сэтгүүлч, тоймч Б.Дашзэвэгтэй цөөн хором ярилцлаа.
-ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркер анх удаа манай улсад айлчиллаа. Энэ айлчлалыг ач холбогдлыг та тоймлон харвал юу гэж дүгнэх вэ?
-ХБНГУ гэдэг Монголын европ дахь гол холбоотон. Харилцаагаа бид иж бүрэн түншлэлийн хүрээнд гэж тодорхойлсон. Хоёр Герман улс тус тус даа байхад манай улс энэ улстай холбоотой байсан. Ардчилал хөгжсөнөөр бид улам ойр харилцах болсон. Улс төр, эдийн засаг, соёл шинжлэх ухааны олон салбарт хамтран ажилладаг. Би энэ хамтын ажиллагааны талаар их олон жил, мэдээ, сурвалжлага бэлтгэсэн. Учир нь европын холбоонд сурвалжлагчаар ажиллаж байхад би Германд амьдардаг байсан. Манай хоёр орны харилцааны хамгийн чухал үе гэж энэ айлчлалыг хэлж болно. ХБНГУ-ын Холбооны Канцлер анх удаа манай улсад ирж байна. Энэ хүний тухай би сурвалжлага бичиж байсан. Физикч мэргэжилтэй дэлхийн нэртэй улстөрч эмэгтэй Германы улс төрийн амьдралд их багаасаа орсон.
-Энэ айлчлалын хүрээнд яригдаж байгаа хамгийн гол асуудлыг та юу гэж харж байна вэ?
-Эдийн засгийн харилцаа. Түүний дотроос байгалийн баялаг, ашигт малтмалын салбарт хамтран ажиллахаар болж байна. Мөн шинжлэх ухаан, технологийн салбарт манай хоёр улс их ойр дотно хамтран ажилладаг. Тухайлбал, “Хар хорин” гэсэн төсөл хэрэгжиж байна. Энэ хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад их чухал айлчлал боллоо. Энэ богинохон хугацааны айлчлал боловч манай хоёр орны хоорондын харилцаанд гарсан их том ахиц гэж хэлэх хэрэгтэй. Учир нь улс төрийн их чухал яриа хэлэлцээр болсон. Үүнээс гадна эдийн засгийн чухал хэлэлцээрүүдийг хийлээ. Зургаан ч том баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ айлчлалаар хэлэлцэн тохирсон зүйлүүдийг талууд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай цаг үе тохиож байна.
-Эдгээр асуудлуудаас “BBM”, “Сименс”-тэй гэрээ байгуулсан нь олны анхаарлыг их татах байх?
-Энэ гэрээнүүд хамтын ажиллагааны их чухал хэсгүүд байгаа юм. Гэхдээ бас нэлээд шинэлэг байдалтай гэрээ. Хоёр талаас олон талын гэрээ хэлэлцээрүүдийг салбар салбараар нь байгуулах шаардлагатай. Энэ бол зөвхөн Германтай харилцаж байгаа зүйл биш. Европтой харилцаж байгаа хэрэг. Хамтын ажиллагааны зиндааны хувьд Америк, Япон зэрэг улсуудтай зэрэгцэн алхаж байгаа чухал хэрэг.
-Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг Засгийн газар шалгаруулах үеэр Германыг хассан. Энэ үед европын гол түншдээ боломж олгосонгүй гэсэн шүүмжлэл гарч байсан. Энэ айлчлалыг үүнтэй холбож ойлгож болох уу?
-Бололгүй яах вэ. Тавантолгойн ашигт малтмалыг хамтран ашиглах боломжийг энэ айлчлал нээлээ.
-Канцлерийн айлчлалыг ҮАБАА-ны дарга Б.Хурцыг эх орондоо ирсэнтэй холбон тайлбарлаж байгаа. Эдгээр үйл явдал хоорондоо холбоотой болов уу?
-Тийм байж болно.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ