Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд ХБНГУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа

img

Монгол Улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүд, төлөөлөгчид өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн З.Энхболд тус уулзалтанд оролцож буй Байнгын хорооны гишүүдийг танилцуулж, хорооныхоо үйл ажиллагааны талаар товч мэдээллээ. ХБНГУ-ын Бундестагийн гишүүд, төлөөлөгчдийг тэргүүлж буй ноён Юрген Коппелин, Засгийн газрынхаа тэргүүүний албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан Монголд Улсад ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд, айлчлалын хүрээнд хийгдэх уулзалтуудаар хэлэлцэх сэдэв олон байгааг хэлж, ялангуяа хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааны хувьд хөндөн ярих зүйл цөөнгүй байгааг тэмдэглэлээ. Тэрбээр Монгол, Германы хамтын ажиллагаа парламент, засгийн газрын болон иргэний нийгмийн түвшинд бүхий л талаар амжилттай хэрэгжиж байгаагийн дотор Афганистанд энхийг сахиулах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хоёр орны цэргүүд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, германы цэргийн сургагчдаас монголын дайчид суралцаж буйг онцоллоо. Мөн уулзалтын үеэр хоёр тал Афганистаны асуудлаар ямар байр суурьтай байгаа талаар санал солилцсон юм. Бундестагийн Төсвийн байнгын хорооны гишүүн, доктор Томас Гамбке хэлэхдээ, манай байнгын хороо батлан хамгаалах салбарын төсвийг төлөвлөхдөө зэвсэглэлээс гадна бие бүрэлдэхүүнээ сургаж боловсруулахад түлхүү анхаардаг. Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаад эрүүл мэндээрээ хохирсон, бэртэж гэмтсэн хүмүүс, тэднийхээ төлөө сэтгэл санааны хохирол амссан ар гэрийнхэнд нь багаггүй мөнгө зарцуулдаг. Түүнчлэн албан ёсны бүртгэлд орсноос гадна ороогүй хохирогсод ч байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Зөвхөн Афганистан төдийгүй Африкийн хойд хэсгийн Сири улс зэрэг олон улсын анхаарал татсан улс орон, бүс нутгийн асуудлуудыг дан ганц цэргийн ажиллагаагаар шийдэж болохгүй, аль болохоор цэргийн бус үйл ажиллагаа дэлгэрүүлэхийг чармайж, энэ чиглэлээр Монголын талаас дэвшүүлж буй санал санаачилгыг дэмжин ажилладаг гэсэн юм. “Бундестаг дахь Монголын мэргэжилтэн” гэгддэг, манай оронд гурав дахь удаагаа ирж буй хатагтай Дагмар Энкельманн хоёр орны хамтын ажиллагаанд иргэний нийгэм ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд, ялангуяа ХБНГУ-ын Конрад-Аденауэрийн сан, Фридрих Эбертийн сан, Ханнс-Зайделын сангуудаар дамжуулан Монголын ардчиллыг бэхжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгааг дурдсан юм. Тэрбээр Холбооны Засгийн газраас хоёр орны олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжихэд ихээхэн анхаарч, Монголын ард түмэн, ялангуяа уул уурхай хөгжиж буй бүс нутгийн унаган байгалиа хамгаалахын төлөө тэмцэж буй ард иргэдтэй хамтран ажиллах боломжийг судалж байна. Тийм ч учраас Германы иргэний нийгмийнхэн ирэх долоо хоногт байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр нь очиж танилцахаар төлөвлөсөн гэлээ. ХБНГУ-ын Холбооны Канцлер А.Меркелийн албан ёсны айлчлалын хүрээнд болж буй яриа хэлэлцээр амжилттай хэрэгжин, зохих үр дүнд хүрвэл Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд маш чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд УИХ-ын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомждоо Европын сонгуулийн системийн давуу талыг тусгахад, мөн бусад салбарт хамтран ажиллахад ч герман нөхдөөсөө сурах юм маш их байгааг УИХ-ын АБГББХ-ны гишүүд тэмдэглэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Wait, I cannot fathom it being so stragihtofrwrad.
2011-12-30
Angelagiin ene zurag mon ch ih shuugian tarisandaa tuhain uyedee
2011-10-13