Усанд сэлэлтийн улсын аваргууд Эрдэнэт хотод тодорлоо

img

Лондонгийн олимпод усан спортоос хоёр тамирчин Монгол улсаа төлөөлөн өрсөлдөнө. Олон улсын усан спорт сонирхогчдын холбооноос манай улсаас олимпод оролцох тамирчдын эрхийн бичгийг МУССХ-нд ирүүлсэн байна. Үүний дагуу хүн төрөлхтөний эв найрамдлын бэлэг тэмдэг олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрсийг улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооноос албан ёсоор зарлалаа. Ингэснээр одоогийн байдлаар Монгол улсаас 12 тамирчин Лондонгийн олимпод өрсөлдөх эрхтэй болоод байна. “МСS Виста” клубын тамирчин, спортын мастер А.Тамир, "Хангарьд" спорт клубын тамирчин, усан спортын дэд мастер,  Г.Оюунгэрэл нар Лондонгийн олимпод өрсөлдөхөөр боллоо.               Усан спортын 2012 оны УАШТ Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборын Хилэм усан санд өнгөрөгч бямба, ням гарагт болж дүнгээ гаргасан юм. 5 багийн 70 орчим тамирчид 46 багц медалийн төлөө 38 зай төрөлд өрсөлдлөө. Энэ тэмцээнд Усан спортын спортын мастер А.Тамир, Б.Дөлгөөн, Б.Сонин-Эрдэнэ, Б.Бүтэхүйлс болон спортын дэд мастер Ч.Гансүх, Г.Оюунгэрэл, Э.Хулан, Э.Сүрэнням, Б.Болдбаатар, Э.Дэмүүл, Г.Уртнасан спортын шинэ дэд мастер А.Номин, Б.Мөнхбаярт, Г.Занданбал нарын шилдэг тамирчид оролцлоо.                   Мөн ШУТИС-ийн баг анх удаа улсын аваргад хөл тавьсан юм. Тэгвэл Дорноговь, “Хангарьд”, “МСS Виста”, ШУТИС, Усан спорт сургалтын төвийн багууд улсын аваргад өрсөлдлөө. Тэмцээний үеэр усан спортын дэд мастер, Хангарьд клубын тамирчин А.Номин улсын рекордыг 1.13.00 амжилтаар шинэчлэн тогтоолоо. Харин “Хангарьд” спкорт клубын тамирчин М.Болдбаатар 100 метр мэлхий сэлэлтийн төрөлд 1.07.94 амжилтаар спортын мастерын болзол хангасан бол Э.Бямбасүрэн 100 м өврөөр даллах сэлэлтийн төрөлд 0.58.46 амжилтаар дэд мастерын болзол хангасан юм. Мөн 100 метр өврөөр даллах сэлэлтийн төрөлд “MCS ВИСТА” кулбын тамирчин Н.Тэмүүлэн дэд мастер, “Хангарьд” спорт клубын тамирчин Э.Дэмүүл спортын мастерын болзол тус тус хангалаа.               Тэгвэл багийн дүнгээр эрэгтэйчүүдээс Хангарьд клуб тэргүүлсэн бол удаах байрт MCS Виста,  УССТөвийн багууд шалгарлаа. Эмэгтэйчүүдээс Хангарьд клубын 1-р баг тэргүүлсэн бол УССТөвийн баг 2-р байр, Хангарьд клубын 2-р баг 3-т шалгарсан юм. Энэ улсын аваргаас шалгарсан тамирчдыг нэг баг бүрдүүлэн 2012 оны 12 сард Турк улсын Стамбул хотноо болох усанд сэлэлтийн ДАШТ-д оролцуулах аж.                     Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас 2011 онд хийсэн бүтээсэн ажил, зохион байгуулсан тэмцээн уралдааныг нь дүгнэн шилдэг спорт холбоодыг шалгаруулсан юм. Ингээд шилдэг холбоогоор Монголын усан спорт сонирхогчдын холбоо шилдгээр шалгарч Засгийн газрын олгосон төсвөөр энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Ингэснээр шагналын сан өндөр мөн илүү олон тамирчдыг хамруулсан далайцтай, зохион байгуулалт сайтай, өөрийн гэсэн онцлогтой улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.                   Усан спортыг өөрийн эх оронд төдийгүй хилийн чанадад хөгжүүлэх их үйлсийн төлөө зүтгэж хөдөлмөрлөж, ажиллаж, бүтээж байгаа МУССХ-ныхон цаашид олон бодитой ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн улсын аваргын тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд явагдсан бол тамирчид, дасгалжуулагчдыг урамшуулсан онцлогтой болж өндөрлөсөн тэмцээний дараа баг тамирчидсэтгэл хангалуун  нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм.  Мөн МУССХ-ноос ирэх 5-р сард “Энгүй тал” усанд сэлэлтийн цомын тэмцээнийг Эрдэнэт хотод зохион байгуулна. Энэ спортын их ертөнцийг амь амьдрал, хөлс хүч, хөдөлмөртэйгөө холбосон усан спортынхон 2 сарын дараа "Энгүй тал"-д уулзаж цомын төлөө өрсөлдөхөөр дараагийн бэлтгэлдээ шамдан орлоо. А.Алт      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
би 2хүрэл 1алт авсыш дээ
2015-01-13
ninja:
gerleedee amjilt husii.setgel zurhendee bainga demjine.
2012-04-10