Сү.Батболд: Монгол хүнийг өнөөгийн дэлхийн түвшний боловсрол, мэргэжил эзэмших нөхцлийг бий болгоно
Эрхэм журмын нөхөд өө, Намын ахмад гишүүд ээ,
Та бүгдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Монгол Ардын Хувьсгалт Намын түүхт ХХVI Их хурал өндөрлөөд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хурлаараа манай нам улс орон, ард түмний өмнө ямар үүрэг хариуцлага хүлээж ирсэн, цаашид бидний гүйцэтгэх үүрэг, зорилт ямар байх ёстойг тунгаан дүгнэсэн чухал үйл явдал боллоо.
Манай намыг анх Монголын эх орончид үүсгэн байгуулж, намаа Монгол Ардын Нам хэмээн нэрлэж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг байлдан олж, хамгаалж, хадгалж ирсэн түүхэн гавъяатай юм.
Намын ХХVI Их хурлаар бид зөвхөн намынхаа тухай биш, улс орныхоо ардчилсан өөрчлөлтийн гэж нэрлэгдэж байгаа өнгөрсөн 20 жилийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын ирээдүйн 20 жилийн талаар эргэцүүлэн шинжилж бодлого зорилтоо тодорхойллоо.
Улс орны өмнө тулгамдаж байгаа ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны доройтлыг даван туулах, шударга ёсны хүсэмжлэл, хүмүүжил, ёс суртахууны доройтлыг засах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дархлааг сайжруулах зэрэг багц асуудлуудыг нухацтай шүүн тунгааж ярилцсан билээ.
Бид шилжилтийн гэсэн тодотголтой, саад бэрхшээлтэй замыг ардаа орхиж одоо Монгол орондоо зах зээлийн харилцааг төгөлдөршүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх, ажилгүйдэл, ядуурлаас гарах гарцаа олж эрчимтэй ажиллах цаг үед тулж ирээд байна.
Одоо бага ярьж ихийг хийж бүтээх цаг үе юм. Энэ их бүтээн байгуулалтын эцсийн зорилго, үр дүн нь Монгол орны сайн сайхны төлөө, Монгол хүний хөгжлийн төлөө байна.
Монгол Ардын Нам бүхий л бодлого зорилтоо Монгол хүнийг тулгамдсан асуудлаас нь гаргаж, Монгол хүн, айл өрх гэр бүлийн амьдрал ахуйг дээшлүүлэх нь Монгол Ардын Намын бодлогын үндэс гэж үзсэн. Иймээс бид бодлого зорилтоо хэмжих гол хэмжүүрээ улс орны өрсөлдөх чадварын индекс, хүний хөгжлийн индекс, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ гэсэн дэлхийн стандартаар харж, зорилго, зорилт тавьж ажиллана.
Монгол Ардын Намын ойрын зорилт бол:
-Монгол хүнийг тогтвортой орлоготой болгох. -Монгол хүнийг бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл саруул байлгах орчин нөхцөлд нийцсэн нийгэм, эдийн засгийн орчныг бүрдүүлэх. -Монгол хүнийг өнөөгийн дэлхийн түвшний боловсрол, мэргэжил эзэмших нөхцлийг бий болгох. -Монгол хүний хөгжлийг хангах гол тулгуур нөхцөл болох эдийн засгийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр улс орноо хөгжүүлэх явдал юм. Энгийнээр томъёолбол, Монголын нийгэмд чинээлэг дундаж давхарга зонхилж байх эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх явдал юм.
Энэ талаар намын ХХVI Их хурлаас тодорхой бодлого зорилт дэвшүүлэн ажилдаа шамдан ороод байна.
Эдгээр бодлогын хүрээнд 2011 оны эхээр болох Монгол Ардын Намын Бага хурлын хуралдаанаар хөдөлмөр эрхлэлтийг тойрсон багц асуудлыг нухацтай хэлэлцэхээр бэлтгэж байна.
Намын ахмад гишүүд ээ,
Манай нам улс орныхоо хөгжлийн хамгийн хариуцлагатай ачааг үүрч ирсэн. Энэ бол та бүхний гавъяа зүтгэл. Өнөөдөр ч үүрч явна. Цаашид ч үүрэх ёстой улс төрийн хүчин гэдэг дээр Монголын ард түмэн бидэнд итгэл хүлээлгэж байгаа. Тэгэхээр бид энэ итгэлийг бүтээлч ажлаар хариулах ёстой. Өөрөөр хэлбэл, бидний зорилго, бодлого нь тодорхой байх учиртай. Хамгийн хариуцлагатай, хамгийн ууган, хамгийн шинэчлэгдэж чадаж байгаа улс төрийн хүчин гэдгээрээ ачааны хүндийг үүрч ажиллаж байна.
Манай нам л манлайлж, хариуцлагыг өөрөөсөө эхэлж, өөртөө дүгнэлт хийж, XXI зууны эрэлт шаардлагад нийцүүлж урагшаа харж, бодож, төлөвлөж ажиллах ёстой гэж намын ахмад гишүүд Та бүхэн маань үзэж зааж зөвлөж байгаа. Бас олон нийт ч дэмжиж байгаа юм.
Тиймээс бид Монгол Ардын Намынхаа Бага хурлын хуралдаанаар намын боловсон хүчний бодлого, томилгоо, хариуцлагын асуудлыг тусгайлан авч хэлэлцэх болно.
Монгол Ардын Нам нь гурван үеийн залгамж холбоосыг бүрдүүлсэн, нийгмийн бүхий л төлөөллийг өөртөө багтаасан улс төрийн тэргүүлэх хүчний хувьд бидний ярьж, бодож, хэрэгжүүлж байгаа асуудлууд нийгмийг бүхэлд нь хамарч байдаг билээ. Юуны өмнө улс орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө бүхий л мэдлэг чадвар, амь амьдралаа зориулж ирсэн эх оронч ахмад үеэрээ Монгол Ардын Нам бахархаж байдаг юм.
Намын ХХVI Их хурлаар хэлэлцсэн асуудлууд бол манай намын ахмад гишүүдийн санал санаачлагын үр дүн билээ.
Улс орон зах зээлийн харилцаанд шилжсэн өнгөрсөн 20 жилийн ажлыг дүгнэх, үнэлэлт өгөх, намын үйл ажиллагааны шинэчлэлтийг эрчимжүүлэх, намын уугуул нэрийг сэргээж түүхэн уламжлалаа хадгалах, цаг үетэйгээ нийцэх, үзэл баримтлалаа тодорхой болгох, ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэх, нийгмийг гэмт хэргээс ангижруулах, шударга ёсыг тогтоох зэрэг олон чухал асуудлыг хөндөн тавьж байлаа.
Монгол Ардын Нам тавьсан зорилтоо хэрэгжүүлэхдээ намын ахмад гишүүд та бүхний сэтгэлийн дэмжлэг, ажлын арвин баялаг туршлага, заавар зөвлөгөө, идэвхтэй оролцоотойгоор шийдвэрлэнэ. Бидэнд Та бүхний маань амьдралын арвин баялаг, туршлага үргэлж хэрэг болж, үр нөлөөгөө өгдөг билээ.
Монголчууд бид хүн төрөлхтний хөгжлийн, дэлхий ертөнцийн хүмүүсийн аль хавьд нь явна вэ гэдгээ багцаалж тооцох ёстой. Ийм стандарт хэмжүүрээр харвал өнөөдөр Монгол улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн улс орнуудын дотор 114 дүгээр байранд байна. Энэ үзүүлэлтээр 2015 онд 65 дугаар байранд, 2021 он гэхэд эхний 50 дугаар байранд орохоор Монголчууд шамдан зүтгэх тодорхой зорилтыг намын Их хурлаас дэвшүүлсэн.
Монгол хүмүүсээ ажилтай, орлоготой болгох тухай асуудал дээр бид ямар ахиц гаргах вэ, монгол хүний боловсролыг өрсөлдөх түвшинд яаж хүргэх вэ гэдэг асуудал манай намын өмнө тавигдаж байна.
Монгол Ардын Нам бол нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн намын хувьд бодит утгаараа чинээлэг дундаж давхарга нийгмийн олонхи болсон нийгэм, эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэн баталгаажуулаж, мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн гээд бүх салбаруудын хөгжлийг хангасан тодорхой бодлогыг хэрэгжүүлнэ.
Халамжийн бодлогыг ч зах зээлийн харилцаанд нь тулгуурлан хавтгайд нь биш, харин зорилтот бүлгүүдэд нь, тэр дундаа ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага орлоготой, олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эмэгтэйчүүд рүү чиглүүлж, онцгой анхаарч ажиллах болно.
Намын эрхэм гишүүд ээ,
Гарч буй шинэ онд манай нам байгуулагдсаны 90 жилийн ой болно. Монгол Ардын Хувьсгалын 90 жилийн ой болно. Эдгээр түүхт ойн өмнө нам маань уугуул нэрээ сэргээн авч Монгол Ардын Нам боллоо. Намын билгэ тэмдэг, туг, далбаа өөрчлөгдлөө. Бат илэрхийлэх ч бас өөрчлөгдөнө. МАХН-ын гишүүний бат илэрхийлэх Монгол Ардын Намын бат илэрхийлэх юм шүү. Энэ нь шинэ Үндсэн хуулиар БНМАУ маань Монгол Улс гэж нэрлэгдэх болсон ч бид хуучин паспортаа хэрэглэсээр байсантай агаар нэгэн юм.
Намынхаа ойн өмнө намын байраа ашиглалтад оруулна. Энэ байраа Тусгаар тогтнолын ордон гэж нэрлэхээр тогтсон. Ордондоо “Тусгаар тогтнолын музей” байгуулна.
Намын ахмадууд аа,
Бид ажлаа гурван үеийн залгамж хослол, уламжлал шинэчлэлд тулгуурлан өрнүүлж чадвал амжилтад хүрнэ гэж төлөвлөдөг. Ам ажлын нэгдэл чухал байна. Монгол Ардын Намын гишүүн бүрийн үүрэг, хичээл зүтгэл, шинэ сэтгэлгээнээс их зүйл хамаарна.
Эх орныхоо төлөө, намынхаа төлөө сэтгэл зүрхээ харамгүй зориулж тэмцэж ирсэн Та бүхэндээ дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж урт насалж, удаан жаргаж, намдаа өмөг түшиг болж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ