О.Алтангэрэл: Монголын түүхэнд өмгөөлөгчийг шүүх танхимд түгжиж хурал хийсэн анхны тохиолдол боллоо
2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр таван хүн амь үрэгдсэн хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал өчигдөр болж тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Шүүх хурлын үеэр таван өмгөөлөгч шүүгдэгч нараас татгалзах хүсэлт гаргасан юм. Уг шүүх хурлын эргэн тойрон дахь асуудлаар өмгөөлөгч О.Алтангэрэлтэй ярилцлаа
-Ч.Амарболд генералыг хэзээнээс өмгөөлж эхэлсэн бэ?
-2008 оны есдүгээр сард Ч.Амарболд генерал өөрт нь эрүүгийн хэрэг үүслээ гээд намайг өмгөөлөгчөөр ажиллах санал тавьсан. Би тэрхүү саналыг хүлээж авснаас хойш энэ хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлээд яг дөрөв дэхь жилийнхээ нүүрийг үзэж байна.
-Анх ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм бэ?
- Цагдаагийн байгууллагаас Ч.Амарболд генералд Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл ангиар албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр шалгаж яваад 2009 оны долдугаар сард Өршөөлийн хууль гарч миний үйлчлүүлэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл олон нийтийг төөрөгдүүлсэн нэг ташаа ойлголт яваад байна. Би өмнө ч хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан. Ч.Амарболд генерал гэм буруугаа хүлээгээд өршөөлд хамрагдсан юм биш ээ. Тухайн үед гэм буруугаа зөвшөөрөөгүй. Угаасаа Өршөөл үзүүлэх тухай хууль нэгэнт гарчихсан учраас хуулиа хэрэгжүүлээч гэдэг хүсэлтийг л бид тухайн үед прокурорт өгч байсан юм.
- Нийслэлийн прокурорын газраас өгсөн мэдээллээр бол Ч.Амарболд генералыг гэм буруугаа хүлээсэн гэж хэлсэн шүү дээ?
-Хүсэлт гаргасан нь үнэн. Гэхдээ утга агуулгын хувьд өөр. Хүсэлтэд дурдаснаар бол Өршөөлийн хуульд зааснаар энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү л гэсэн . Тэрхүү хүсэлтэд гэм буруугийн эсрэг маргахгүй гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Нэгэнт тодорхой баримттай зүйлд би худал хэлээд хаа холдлох юм бэ.
-Өршөөлд хамрагдсан хэргийг хэзээнээс сэргээн шалгаж эхэлсэн билээ. Зүйл анги нь өөрчлөгдсөн байх?
- Өнгөрөгч 2011 оны арваннэгдүгээр сард Ч.Амарболд генерал нарт холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлсэн. Хэргийг сэргээсэн тогтоолыг харвал зарим нэг ажиллагаа хийгдээгүй гэж бичсэн байдаг юм. Өмнө нь албан тушаалдаа хайнга хандсан гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан бол сэргээн шалгаснаас хойш Цэргийн гэмт хэргийн зүйлчлэлд хамруулж сэжигтнээр татсан. Би энэ зүйл ангийг буруу гэдэгт хангалттай маргаж байна даа. Үндсэн хуулийн цэцэд хүртэл маргаан үүссэн.
- Цэргийн гэмт хэрэгтэн мөн биш гэдгийг сайд ч , прокурор ч янз бүрээр л тайлбарлаад байна. Та үүнд ямар бодолтой байна вэ?
-Хуульзүйн бодлогыг тодорхойлдог яамны сайд нь энэ зүйл ангийг хүчингүй болсон гэж хэлдэг. Гэтэл Ерөнхий прокурор нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдэг. Энэ хоёрын хэлж байгаа зүйл миний үйлчлүүлэгчид огт хамаагүй. Учир нь энэ цэргийн гэмт хэргийн зүйл анги хуульд байсан ч байгаагүй ч 2008 оны үймээний үеэр Ч.Амарболд гэдэг хүн Дотоодын цэргийн командлагч байгаагүй. Ерөнхий прокурор ярихдаа “Дотоодын цэргийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Монгол Улсын цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн дарга байна” гэж мэдээлдэг. Үнэн. Гэхдээ Дотоодын цэргийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд яаж томилох тухай заалт бий шүү дээ. Өөрөөр хэлбэл Д. Дорлигжав прокурор томилогдсоны дараахи өнцөгөөс ярьж байна. Харин би томилогдохоос өмнөх зүйлийг л хэлж байгаа юм. Түүнийг томилсоны дараа хэн болохыг Д.Дорлигжав ярьж байна. Тэгвэл энэ хуулийн дөрөвдүгээр зүйлд зааснаар “Монгол Улсын цагдаагийн төв байгууллагын даргыг Засгийн газар томилно” гэсэн заалт бий. Засгийн газраас захирамж, тогтоол гэсэн хоёр янзийн шийдвэр гардаг. Гэтэл тэрхүү тогтоол нь гараагүй гэдэг нь баримтаар тогтоодсон шүү дээ. Өөрөөр хэлбэл Ч.Амарболд генералыг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тогтоол огт гараагүй гэсэн үг. Угаасаа Ч.Амарболд гэдэг хүн Дотоодын цэргийн командлагч биш байсан.
- Үүрэг гүйцэтгэгчээр томилсон тогтоол байхгүй гэдгийг баримтаар нотолсон гэж та хэллээ. Яг ямар баримт байна вэ?
-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Ч.Амарболд генералыг Дотоодын цэргийн командлагчаар томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй гэсэн хариу өгсөн./ албан бичгийг үзүүлэв/ Харин Засгийн газрын хуралдааны үеэр тэмдэглэлд тусгагдсан зүйл бий. Гэхдээ тэмдэглэл бол хүчин төгөлдөр мөрдөгддөг, эрхзүйн үр дагавар үүсгэдэг баримт биш.
-Тухайн үед Ч.Амарболд генерал дэд даргын үүргийг гүйцэтгэж байсан гэсэн үг үү?
-Тийм, Цагдаагийн газрын дэд дарга дотоодын цэргийг командлахгүй. Тийм хууль ч байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёр тал болж маргаад байгаа цэргийн гэмт хэргийн зүйлчлэл миний үйлчлүүлэгчид огт хамаагүй зүйл.
- Тэгэхээр таны үйлчлүүлэгч энэ хэрэгт огт хамааралгүй хүн үү?
-Үндсэндээ миний үйлчүүлэгч цэргийн гэмт хэрэг гэдэгт хилсээр гүтгэгдсэн хүн.
-Тэгвэл 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр дөрвөн хүн амь үрэгдсэн хэрэгт хэн буруутай юм бэ?
-Буудагдаж нас барсан дөрвөн хүний хувьд энэ хүмүүстэй яаж холбох вэ гэхээр эхлээд цагдаа хүн буудсан эсэхийг шүүхээр тогтоочих. Тэгээд дараа нь цагдаагаа удирдаж чадаагүй дарга нарыг нь ялла. Гэтэл прокуророос цагдаа буудсан гэдгийг тогтоож чадахгүй хэргийг нь түтгэлзүүлсэн хэр нь даргыг нь буруутгаж яллах гээд байна.
-Та хавтаст хэрэгтэй танилцсан хүн мэдэж байгаа. Их олон хүн цагдаа буудсан гэдгийг нотолсон олон гэрч бий шүү дээ?
-Шинжээчийн дүгнэлтээр цагдаагийн бууны сумны хонгионы зарим нь тогтоогдсон. Зарим нэг гэрч цагдаа буудсан гэж гэрчилдэг. Би худлаа гэж хэлээгүй. Хүн яллах гэж байгаа бол бүхий л талаар нь нотол гэж хэлнэ. Галт зэвсэг хэрэглэсэн цагдаа хэн бэ гэдгийг нотлох ёстой.
-Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн баримтыг юу гэж хэлэх вэ?
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин олон нийтэд сумны хонгио дэлгэсэн. Үүнд нь баярласан. Миний хүндэлдэг хуульч. Миний багш. Гэтэл тэр сумны хонгиог нь шалгаж шинжилж өгдөггүй юм. Шинжлэх шаардлаггүй гэж үздэг юм билээ.
-Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсний дараа та шүүх хурал болохгүй гэж та хэлж байсан. Гэтэл байдал өөрөөр эргэчихсэн байна л даа?
- Ер нь Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн тохиолдолд хэргийг түтгэлзүүлнэ гэсэн хуульд заасан. Сүхбаатар дүүргийн шүүхэд хүсэлтээ аваачиж өгсөн. Хуульд зааснаар тав хоног дотор миний хүсэлтэд хариу өгөхгүй ёстой. Гэтэл хариу өгөөгүй. Өмнө нь энэ зүйл ангийг практикт хэрэглэж байгаагүй.
-Шүүх хурлыг өмгөөлөгч нар хойшлуулж байна гэж олон нийт бухимдаж байх шиг?
-Нэг өмгөөлөгч мэс засалд орсон. Дараагийн шүүх хуралд хэрэг тусгаарласан шийдвэр буруу гэж үзээд шүүх бүрэлдэхүүнээс бид татгалзах хүсэлт тавьсан. Хэргийг тусгаарлах боломжгүй гэж үзсэн. Тэр өдөр бүх өмгөөлөгч байсан. Өөрсдөөс нь татгалзах хүсэлт гаргасны дараа шүүх шийдвэр гаргаж шүүгдэгч нарыг хорьсон. Уг нь хуулиар бол шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд шүүгч шийдвэр гаргах эрхгүй болдог. Гэтэл ямар ид шидийн шийдвэр гаргаж байгаа юм бүү мэд. Өмгөөлөгчөөс болж шүүх хурал хойшилсон юм байхгүй.
Яагаад шүүгдэгч нараас татгалзах болов өмгөөлөгчид?
-Шүүх хурал эхлэхээс өмнө бид хүсэлтээ хариулт нэхсэн. Та бүхний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр нь шүүх хуулиа зөрчиж байгаа бол бид үйлчлүүлэгчдээсээ татгалзья гэсэн. Шүүгч нар цаг зөвлөлдсөний дараа биднийг шүүгчээс татгалзаж байгааг хүлээж авах боломжгүй гэж байгаа юм. Нэгэнт бид мэдэгдлээ өгсөн болохоор хуралдааны танхимыг орхиж гарсан л даа. Бидний шүүгчдэгчээсээ татгалзаж байгаа нь шүүхэд бол хүсэлт биш. Мэдэгдэл. Шүүхээс зөвшөөрөл гуйгаагүй. Гэтэл шүүгч хөндлөнгөөс үйлчлүүлэгч өмгөөлөгчийн харилцаанд оролцсон. Бүр гурван өмгөөлөгчийг шүүх танхим дотор түгжиж байгаад хурлаа явуулсан.
-Өмгөөлөгч хуулиараа шүүгдэгч нараасаа татгалзах эрх бий юу?
-Хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзана. Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаанд шүүх дүгнэлт өгөх эрхгүй. Зөвхөн Өмгөөлөгчдийн холбооны сахилгын хороо шийдэх асуудал. Бид оролцох боломжгүй гэж хэлээд гарах үед шүүгч бариад ав гэж хэлсэн. Даргалагч шүүгч аваад ир гэсэн гээд хоёр цагдаагийн албан хаагч намайг шатнаас чирсэн. Монголын түүхэнд өмгөөлөгчийг шүүх хурлын танхимд түгжсэн, хорьсон тохиолдол анх удаагаа болж байна. Үүнтэй тууштай тэмцэнэ. Бид нарыг хорих шийдвэр гаргаж байгаа юм шиг байна. Энэ шударга бус үйлдлийн эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ