Драмын урлагын шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадаас УДЭТ-ын шинэ бүтээл “Тэнгэрийн хүү” жүжиг шилдгийн шилдгээр шалгарч, зургаан номинацийг эзэддээ авч ирсэн. Ингээд “Гэгээн муза-2011” наадмын шилдэг бүтээлийн эзэн Н.Наранбаатартай ярилцлаа.
-“Тэнгэрийн хүү” жүжиг драмын жүжгийн төрөлд зургаан “Муза”хүртлээ. Та сэтгэгдлээ хуваалцаач?
-Сэтгэл үнэхээр өндөр байна. Аливаа уран бүтээлч шагнал авна гэдэг бүтээлээ үнэлүүлж байгаа хэрэг. Шагналдаа гол нь биш. Үнэлэмжийн ард урам зориг, хийморь лундаа оршдог. Александр Блокын хэлсэн нэг ийм үг байдаг юм. “Бид жинхэнэ номыг захын хогон дундаас ялгахад маш хэцүү. Яагаад гэвэл тэд бүгд номын дүртэй. Бүр зарим нь жинхэн номноос илүү гоё хавтастай тавигдсан байдаг гээч” гэж хэлсэн байдаг. Түүн шиг жинхэнэ бүтээл бол жинхэнэ л байдаг юм.
-Энэ удаагийн “Гэгээн муза” авна гэдэгтээ итгэлтэй байх шиг байсан?
-Итгэлтэй байсан. Хүн хийсэн бүтээлийнхээ үнэ цэнийг мэддэг. Тийм учраас би итгэлтэй байсан. Тэр жил би Балдоржийн “Шөнө амталсан нулимс” жүжгийг найруулсныхаа дараа “Гэгээн муза” авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Гэтэл юу болсон юм бүү мэд, надад өгөөгүй. Гэтэл надаас бусад нь буюу жүжигчин, хөгжмийн зохиолч гээд бүгд авсан. Тэр битгий хэл Гран-при авсан. Гэтэл надад өгөөгүй. Түүнээс хойш би “Гэгээн муза”-д оролцохгүй байсан. Би их хурц зантай хүн. Юм ийм хуурамч байж болохгүй гэж хэлээд оролцдоггүй байсан юм. Сүүлд нь эргээд оролцож эхэлсэн. Би О.Дашбалбарын хэлсэн үгийг үргэлж бодож явдаг. “Доромжлуулах тусам би долоон бурхан од шиг гялалзана, гүтгүүлэх тусам би гүн шөнийн од шиг тод гэрэлтэх болно”. Заримдаа би хэн нэгний хавчуурган дор хэлмэгддэг байлаа. Тэр болгонд энэ үгийг үргэлж бодож явдаг байсан. Одоо ч энэ үгийг дандаа боддог.
-Жүжигчдийн сонголт үнэхээр нүдээ олсон байсан?
-Оросын нэг мундаг найруулагч “Та жүжигчнээ сайн сонгосон бол ажлынхаа 30 хувийг нугалчихлаа гэж бодоорой” гэж. Хэнийг сонгох вэ, өмнөх дүрээс нь өөр байлгах хэрэгтэй гээд олон зүйлийг бодож, тунгааж байж жүжигчнээ сонгодог. Надаас нэг сурвалжлагч танд хэдэн төгрөг өгч байж дүр авдаг гэж асууж байсан. Манайд тийм зүйл байхгүй. Тэгээд ч тийм байх гээд ч бүтэхгүй. Театр гэдэг ариун сүм байдаг. Хэрвээ тэгэх юм бол сөнөнө.
-Энэ жилийн наадамд өрсөлдөж байгаа жүжгүүд үнэхээр сайн бүтээл байлаа. Том найруулагч, жүжигчид оролцсон, түүхэн жүжгүүд байсан. Тэр хэрээр өрсөлдөөн ширүүн байсан байх?
-МУГЗ Б.Баатар бол том хүн. УГЗ Ч.Найдандорж ч гэсэн том хүн. Энэ хоёртой түүхэн жүжгээр өрсөлдөж шилдэг болно гэдэг амар байгаагүй л дээ. Би энэ хоёртой өрсөлдөж байгаагаа мэдэж байсан. Хүндлэлийн ард эмээх гэж нэг зүйл байдаг юм . Гэхдээ хүнд чинь бас хор шар, яахаар би биш гэдэг бодол байдаг. Би хийхгүй бол хэн хийх юм гэж бодсон. Ер нь би гэдэг ухагдахууныг манайхан биеэ тоосон гэж ойлгодог. Дэлхийд алдартай мундаг хүмүүс, Ван гог ч бай, Фикассо ч бай , Бетховен ч гэсэн дандаа өөрийнхөө бүтээлийг тулгаж байсан. Би гэдгийг мэдрүүлж байсан юм. Би-гүйгээр өөрийгөө оршин байлгана гэж байхгүй. Тийм учраас би гэж өөрийгөө тоож байх хэрэгтэй.
-Та энэ жүжгийг би найруулъя гэж авсан юм уу, чи найруул гэж цаанаас өгсөн үү?
-Уг нь би найруулъя гэж эхлээд санал тавьсан. Дараа нь театрынхан хэлэлцээд чи найруул гэж хэлсэн юм.
-Жүжгийн бүрэлдэхүүнийг хараад байхад шинэ залуу үе төрж гарч ирж байгаа юм уу гэсэн бодол төрсөн?
-Би бол энэ цагийн найруулагч. Худлаа манжлаад яах вэ, би 21 дүгээр зууны найруулагч. Тэр хэрээрээ би илүү сайныг хийх болно.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ