
БОАЖЯ-наас өрнүүлж буй Байгаль хамгаалах намрын сарын аян, Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд “Ногоон хот аян-2011” өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Арга хэмжээний нээлтийг салбарын сайд Л.Гансүх, Нийслэлийн Засаг Г.Мөнхбаяр нар болон холбогдох албаныхан хийх юм.
БОАЖЯ-наас 2011 оныг “Усны жил” болгон зарласантай холбогдуулан энэ жилийн өдөрлөг “Гол усаа хайрлая” уриан дор өрнөнө.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 372 жилийн ойг угтан мод тарих, гол усаа хамгаалах, амьдрах орчноо сайжруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх үйлсэд олон нийтийн оролцоог уриалан идэвхжүүлэхийн зэрэгцээ экологийн соёл, төлөвшил олгох зорилготой “Ногоон хот аян-2011” өдөрлөгийг БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Нийслэлийн Байгаль хамгаалах газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байна. Мөн Зэвсэгт хүчний жанжин штаб, АПУ компани, Монголын оюутны холбоо оролцон ажиллаж байна.
Өдөрлөгийн үеэр уламжлалт үндсэн ажлууд болох мод, бут сөөг, тарьц суулгац, цэцгийн үзэсгэлэн худалдаа, мод тарих технологийн зааварчилгаа, сургалт зөвлөгөө явагдана. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулна. Урлаг соёлын арга хэмжээ ч тусгай хөтөлбөрт багтсан.
“Ногоон хот аян-2011” өдөрлөгийн өөр нэг гол үйл ажиллагаа бол Туул, Улиастайн гол орчмыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэх хоёр өдрийн их цэвэрлэгээ юм. Усны жилийн зорилтын хүрээнд Улиастайн гол дагуу Зэвсэгт хүчний 3 анги, Туул гол дагуу цэргийн 2 анги, 1000 оюутан цэвэрлэгээ хийнэ. Мөн Дулааны III, IV цахилгаан станц, Ус сувгийн удирдах газар, ШШБЕГ-ын харьяа 461-р анги өөрсдийн ажлын байрны орчмын Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ