“Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг батлав

img

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагад даалгалаа.

Шаардагдах хөрөнгийг 2011 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татах, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нар болон байгууллагад үүрэг болгов.

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 2 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгожээ.

Түргэн тусламжийн үйлчилгээг үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтад оруулах, менежментийг нь сайжруулах, техник, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, энэ салбарт ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэн олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгохын тулд энэ хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2010-2016 онд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.

Манай улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дотор яаралтай тусламж шаардлагатай цусны эргэлтийн тогтолцооны өвчин, осол гэмтэл ордог. Гэтэл түргэн тусламжийн автомашин хуучирсан, багаж тоног төхөөрөмж муу, дэд бүтэц, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж дутмаг, салбарын эмч, мэргэжилтэн нь яаралтай тусламжийн технологи, арга барилыг бүрэн эзэмшээгүй, яаралтай түргэн тусламжийн мэргэшсэн эмч, сувилагч, ажилтанг тусгайн бэлтгэх тогтолцоо бүрдээгүй байгаа юм.

Түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд жилд дунджаар 600 гаруй мянган дуудлага гардаг байна. Өнгөрсөн оны байдлаар 480 гаруй мянган өвчтөнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол 2220 тохиолдолд эмч очихоос өмнө өвчтөн нас баржээ.

Улсын хэмжээнд үйлчилж байгаа түргэн тусламжийн автомашины 90 гаруй хувь нь зориулалтын дагуу тоноглогдоогүй. Олон улсад 10 мянган хүн тутамд түргэн тусламжийн нэг баг үйлчилдэг бол нийслэл хотод гэхэд л өдөрт 40 хүрэхгүй автомашин үйлчилж байгаа нь 3 дахин бага гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүлээн авсан нийт дуудлагын 76 хувь нь 20 минутаас дээш хугацаагаар хүлээгдэж байна.

Эмнэлгийн түргэн тусламжийн салбарт 719 хүн ажиллаж байгаагийн 185 нь их эмч, 56 нь бага эмч, 126 нь сувилагч, 277 нь жолооч юм.

Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ