Салбар зөвлөлүүдийн ажил хангалтгүй байгаа нь илэрчээ

img

Төрийн албаны зөвлөлийн Ажлын хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт томилолтоор ажилласан талаар мэдээлсэн.  Тэгвэл эдгээр аймгуудын ажил байдалтай танилцаад, аймгууд дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга нарт хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн үүргийг Төрийн албаны зөвлөлөөс өгсөн байна. Тухайлбал, "Шалган зааварлах ажлын мөрөөр авах арга хэмжээний тухай" Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр тогтоолд сумдын төрийн албан хаагчийн хэрэгцээ, хангалтын байдлыг шалган зааварлах ажлыг энэ оны эхний хагас жилд багтаан зохион байгуулах үүргийг аймаг дахь Салбар зөвлөлүүдэд өгсөн бөгөөд ажилтай нь танилцсан аймгуудад энэ ажил бүрэн хийгдээгүй, хугацаа алдаж байгаагийн зэрэгцээ бусад ажлын дайвар болгож чанар, үр дүн муутай хийж байгаа нь ажиглагджээ. Иймээс сумдын төрийн албан хаагчийн хэрэгцээ, хангалтын байдлыг шалган зааварлах ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан дуусгаж, дүнг Салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахын хамт уг шийдвэр, авсан арга хэмжээнийхээ тухай мэдээг Төрийн албаны зөвлөлд ирүүлэх; Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 654 тоот албан бичгээр Төрийн албаны Үндэсний анхдугаар чуулганд оролцогчдоос санал нэгтэй баталсан  "Төрийн албан хаагчдын Эрхэмлэх есөн зүйл"-ийг хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар чиглэл өгсөн билээ.Энэ талаар зохион байгуулсан ажил дутмаг байгаа нь илэрчээ. Тиймээс төрийн бүх шатны албан хаагчдын дагаж мөрдвөл зохих ёс суртахууны үнэт зүйлс болсон энэхүү баримт бичгийг төрийн байгууллага бүрт олон нийтэд харагдахуйц газар байрлуулан зөвхөн өөрсдөө төдийгүй иргэд, үйлчлүүлэгчиддээ сурталчлан таниулах, төрийн албан хаагч бүрийн өрөөнд хэвлэж байрлуулан хэрэгжүүлж хэвшүүлэх арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах; Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор төрийн албаны хэмжээнд 2011 оныг "Ёс зүй, хариуцлагын жил" болгон зарласан. Энэ ажлын хүрээнд "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм", "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ыг хэрэгжүүлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна гэж үзжээ. Төрийн захиргааны албан хаагч бүхий төрийн байгууллагуудад Ёс зүйн хороо байгуулах ажлыг энэ оны 10 дугаар сарын эхний хагаст багтаан дуусгаж, шинээр байгуулагдсан Ёс зүйн хороодын ажлыг төрийн албан хаагчийн  баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд чиглүүлэн ажлыг нь тогтмолжуулахад анхаарч, журамд заасны дагуу ёс зүйн зөрчлийн талаар улирал бүр Төрийн албаны зөвлөлд мэдээ ирүүлж байх; Ирэх онд болох УИХ-ын болон орон нутгийн Хурлын сонгуулийн үед  төрийн жинхэнэ албан хаагчдын зүгээс  ёс зүйн зөрчил гаргахгүй байх, нэн ялангуяа  сонгуулийн сурталчилгаанд ямар нэг хэлбэрээр  оролцохгүй байх талаар  төрийн албан хаагч бүр анхаарч ажиллахын хамт ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тухайлбал, холбогдох хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сурталчлах, ямар үйл ажиллагааг төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар хориглосон улс төрийн үйл ажиллагаа гэж үзэх, ямрыг нь төрийн албан хаагчийн чиг үүрэгт хамаарах зөвшөөрөгдөх зүйл гэж үзэх зэргийг зааглаж ойлгуулах чиглэлээр төрийн албан хаагчдад тодорхой мэдээлэл өгөх ажлыг одооноос  зохион байгуулах; Төрийн албаны зөвлөл  Салбар зөвлөлүүдийнхээ ажлын үр дүнг үнэлж дүгнэх аргачлалыг  боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Салбар зөвлөлийн 2011 оны ажлыг дүгнэхдээ  Төрийн албаны Үндэсний анхдугаар чуулганаар баталсан "Төрийн албан хаагчдын Эрхэмлэх есөн зүйл"-ийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажил, сумдын төрийн албан хаагчийн хэрэгцээ, хангалтын байдлыг шалган зааварласан ажлын үр дүн, Ёс зүй, хариуцлагын жилд энэ чиглэлээр хийсэн ажил, гарсан үр дүн  гэсэн 3 ажлыг гол үзүүлэлт болгож авч үзэх юм. Иймээс Салбар зөвлөлийн 2011 оны үйл ажиллагааны тайландаа дээр дурдсан 3 арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн  талаар тодорхой тусгах үүргийг өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэзээ сайн байсан юм болдоо. Дандаа л хэн нэгний захиалгыг биелүүлдэг байсан биз дээ. Одлоо бүр түүнийгээ ч чадахаа байсан. Бараг бүх аймгийн салбар зөвлөлийн дарга нар хуль бусаар халагдаж, томилогдоо биз дээ.
2012-12-13