Дэлхийн стандартын өдөр тохиож байна

img

Жил бүрийн 10 дугаар сарын 14-нд Дэлхийн стандартын өдөр тохиодог. Монгол Улсад 1997 оноос хойш энэ өдрийг Стандарт, Хэмжил зүйн ажилтны өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ онд Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс, Олон Улсын Стандартын Байгууллага, Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас дээрх өдрийг “Олон улсын стандарт дэлхий дахины итгэлцлийг бий болгоно” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь дэлхий дахинаа стандартаар дамжуулан нийгмийн бүхий л амьдралд жигд оролцох боломжтой гэсэн өргөн хүрээтэй асуудлыг дэвшүүлж байна. Үүнтэй холбогдуулан Стандартчилал, Хэмжил зүйн газар “Олон улсын стандарт дэлхий дахины итгэлцлийг бий болгоно” сэдэвт семинарыг өнөөдөр /2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр/ Улаанбаатар зочид буудлын “Хөх-Асар” танхимд зохион байгууллаа. Уг семинарт СХЗГ болон бусад холбогдох салбарууд аж ахуйн нэгж байгууллагууд оролцон илтгэл тависан байна. Монгол Улс 1979 оноос Олон улсын стандартчиллын байгууллагад элссэн бөгөөд худалдааг хөнгөвчлөх зорилгоор ОУСБ болон ДХБ-уудтай идэвхитэй хамтран ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд стандарт боловсруулах ажлыг Стандартчилал, Хэмжил Зүйн Газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэс гүйцэтгэдэг. Энэ хэлтсийн 18 ажилтан Байгаль орчин, Хэмжил зүй, Хүнс, Барилга, Зам, Тээвэр, Мэдээлэл, харилцаа холбоо, Аюулгүй байдал, Хөдөө аж ахуй, Уул уурхай гэх мэт стандартчиллын 40 гаруй салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг стандартчилах үйл ажиллагааг зохицуулан, зохион байгуулж, мэдээлэл түгээж байна. Манай улсын хувьд үндэсний стандартын тэмдэглэгээг нь MNS гэх ба өнөөдөр манай улсад 5900 гаруй стандартыг мөрдөж байна. Эдгээрийн 40 гаруй хувь нь олон улсын түвшинд хүрсэн бөгөөд монгол улсын бүх стандартыг www.estandard.mn вэб хуудсаар мэдээлж байна. Стандартыг хэрэгжүүлэх хэлбэр нь улс орон бүрд олон улс, бүс нутаг, үндэсний болон байгууллагын стандартаар зохицуулагддаг. Эдгээр стандартууд нь улс дамнан явагдаж буй худалдаанд аливаа баримт бичгээр саад болохгүйн тулд сонгон хэрэглэх буюу зөвлөмжийн хэлбэртэй байдаг. Үүний зэрэгцээ үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, залилан мэхлэх практикийг зогсоох, хүний эрүүл мэнд болон аюулгүй байдлыг хамгаалах, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, амьтан, ургамал, байгаль орчныг хамгаалах зорилгоор заавал мөрдөх баримт бичиг буюу техникийн зохицуулалт хэмээх баримт бичгээр зохицуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ