Нуухыг авах гэж нүдийг нь сохлов гэгч болов
Улаанбаатарт Нарантуул олон улсын худалдааны төвөөс дутахааргүй хөл хөдөлгөөн ихтэй газар бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний танхимууд.
Өдөр бүр найман настай балчираас наян настай хөгшид хүртэл тэнд дугаарлаж үйлчилгээ авдаг. Сүүлийн нэг сар “100 мянган айл орон сууц” хөтөлбөртэй холбоотой лавлагаа авахаар тус газрыг зорих иргэдийн тоо ердийн үеийнхээсээ хэд дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Тиймээс УБЕГ-ын удирдлага шийдвэр гаргаж нэг дор төвлөрсөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үйлчилгээний ачаалалыг саармагжуулах, хүртээмжийг сайжруулах зорилгоор үйлчилгээний зохион байгуулалтын арга хэмжээ авч иргэд дүүргээсээ үйлчилгээ авах боломжтой болсон гэх.
Өөрөөр хэлбэл Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэд эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг харьяа газраасаа авах болсон байна. Энэхүү үйлчилгээтэй холбогдуулан манай сурвалжлах хэсэг өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрыг зорьлоо. Биднийг 11.20 цагтйн үед тус газар очиход үйлчилгээний танхим хөл гишгэх зайгүй, иргэд ч бөөн бухимдалд автсан Эд хөрөнгийн бүртгэлийн газрын даргын үүдэнд олноороо зогсож байв. Тэдний хэлж буйгаар өнгөц харахад эд хөрөнгийн лавлагааг үйлчлүүлэгчид дүүргээсээ авах болсон нь цаг зав, унааны зардлыг хэмнэж буй мэт харагдавч цаанаа бүр эсрээгээ улам хүндрэл учруулж байгаа гэнэ. Учир нь иргэн А банкнаас 300 сая төгрөгийн зээл авахын тулд үл хөдлөх хөрөнгийн лавлагаа гаргуулах шаардлага гарна.
Тиймээс А-ын арилжааны банкинд барьцаа болгож тавих эд хөрөнгийн нэг болох орон сууц нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай бол үйлчилгээний зориулалтай обьект нь Баянгол дүүрэгт байрласан байх жишээтэй. Тэгэхээр иргэн А эд хөрөнгийнхөө лавлагааг өмнө нь УБЕГ-аас нэг дор авдаг байсан бол одоо хоёр гурван дүүрэг рүү явах ажилтай болж таарч байгаа аж. Энэ нь иргэдийг бухимдуулахад хүргэжээ. Нөгөөтэйгүүр яаралтай лавлагаа хүссэн иргэд ч үйлчилгээ авч чадахгүй байгаа юм байна. Зарим иргэдтэй уулзаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар асууж тодрууллаа
Б.Одончимэг/ Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэн/
- Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг дүүргээсээ авах болсон нь та бүхэнд илүү хялбар юм биш үү?
- Яагаад ийм дутуу дулимаг шийдвэр гаргаж байгаа юм бол. Би үнэхээр гайхаж байна. Миний ээж БНСУ-д маргааш хүнд мэс засалд орох гэж байгаа юм. Тэгээд Баянзүрх дүүрэгт байрладаг байр, Баянгол дүүрэгт байрладаг оёдлын үйллдвэрээ барьцаанд тавьж банкнаас зээл авахаар болсон юм. Өчигдрөөс хойш шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа учраас лавлагаа 14 хоногоос нааш гарахгүй гэж хэлээд буцаах юм. Хамгийн хүндрэлтэй нь би Улаанбаатарыг бараг бүтэн тойрч байж лавлагаагаа авах болчихоод байна шүү дээ.
-Лавлагаа яагаад 14 хоногт гарахаар болсон гэж?
-Иргэдийг улам чирэгдүүлж байна шүү дээ. Дүүргүүд рүү эд хөрөнгийн бүртгэлийн архив нүүхээр чинь дор хаяад долоо хоног зарцуулах байлгүй дээ. Цахим хэлбэрт шилжихсэн байсан бол өөр хэрэг. Гэтэл бөөн хавтастай бичиг баримтаа чирээд нүүж байгаа хүмүүсээс би хаагуур нь лавлагаа гаргуулж авах юм бэ. Маргааш БНСУ-ын эмнэлэгт ээжийн эмчилгээний төлбөр байршсан байх ёстой. Гэтэл энд бүртгэлийн лавлагаа авч чадахгүй бухимдаад байж байна. Яаж тайван байх юм.
Г.Батсайхан / Баянгол дүүргийн нутаг дэвсгэр/
-Эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаа та Баянгол дүүргээсээ авч болоогүй юм уу?
-Архивын бичиг баримт нь одоог хүртэл нүүж ирээгүй байна гэж байна шүү дээ. Цахим хэлбэрт шилжсэний дараагаар дүүргүүд рүүгээ эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээгээ шилжүүлэхгүй яасан юм бол. Хүн бүр улстөржөөд ямар шийдвэр гаргаж байгаа ч мэдэж байгаа хүн алга. Уг нь дүүргээсээ лавлагаа баримт авахад амар болж байгаа юм л даа. Гэхдээ цаг нь болоогүй байсан юм биш үү. Хэрэв цахим хэлбэрт шилжихсэн бол амар байсан юм.
-Цахим хэлбэрт шилжсэн байсан бол яагаад таньд хялбар гэж?
-Би “100 мянган айл орон сууц” хөтөлбөрт хамрагдах гэж байгаа юм. Одоо би Улаанбаатарын бүх дүүрэг рүү очиж лавлагаа авах болчихоод байна шүү дээ. Сүхбаатар, Баянгол дүүрэгт орон сууцгүй гэдгээ нотлохын тулд тэгж таарч байгаа юм. Хэрэв цахим хэлбэрт шилжсэн бол би хотын бүх дүүргийг дамжиж яваад байхгүй шүү дээ.
Эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааны үйчилгээ хүссэн нэлээд олон иргэд дүүргээсээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн даргатай уулзахаар ирцгээжээ. Манай сурвалжлах хэсэг тус газрын орлогч дарга Ж.Амарсанаатай уулзлаа.
-Танайх өдөрт хэдэн хүнд үйлчилгээ үзүүлж байсан бэ?
Засгийн газраас “100 айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой орон сууцны лавлагаа авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн. ОССК хувьд тавьж буй хамгийг гол шаардлага бол тухайн иргэн орон сууцтай эсэх, орон сууц захиалгаар бариулж байсан уу гэдгийг нотлох лавлагаа чухал. Тийм учраас Эд хөрөнгийн бүртгэлийн архивт нэлээн ачаалал үүсчихсэн ажиллаж байна. Өмнө нь өдөрт 50-60 лавлагаа авдаг байсан бол төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 500 гаруй лавлагаа авдаг боллоо. Ер нь бол Эд хөрөнгийн бүртгэлийн газрын үйлчилгээний танхимаас өдөрт 1000 гаруй хүн үйлчлүүлдэг. Үүнээс 950 мэдүүлгээр бодитоор хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг. Манай үйлчилгээ хэвийн явагдаж байна. Ачаалал ихссэнтэй холбоотой дотоод зохион байгуулалтын өөрчлөлт хийж иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийн тулд бүх цонхоороо үйлчилгээ үзүүлж байна.
2012 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн УБЕГ-ын даргын тушаал гарсан. Энэхүү тушаал шийдвэрээр бүртгэлийн аюулгүй байдлыг хангах ажлын байрны талбай багтаамжийг тэнцвэржүүлэх, архивын үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргийг дүүргийнх нь Засаг даргын Тамгын газрын байранд шилжүүлэн нүүлгэж байна.
-Нүүлгэн шилжүүлэлтэй холбоотой иргэд нэлээн бухимдалтай байна л даа.Бүртгэлийн лавлагааны ажил хэзээ эмх цэгцэндээ орох вэ?
- Иргэдэд чирэгдэл гарч байна. Сонгинохайрхан дүүрэгт үйлчилгээний ажилтнууд очсон мэдүүлгээ авч эхэлсэн. Гэхдээ архивын баримт бичиг зохих ёстой шүүгээндээ байрлаагүй учраас үйлчилгээ үзүүлэх боломж түр хугацаагаар хойшлогдож байна. Тиймээс 14 хоногийн хугацаатай үйлчилгээгээ хойшлуулж байна. Мэдүүлгээ бол авч байгаа . Жишээ барьцааны гэрээ тав хоногт гарч байсан бол одоо ажлын 14 хоногт гарах болсон. Эд хөрөнгийн бүртгэл цахим хэлбэрт шилжихээр байсан илүү хялбар байх байсан. Цахимжуулсан тохиолдолд дүүргүүд рүү тараасан бол ийм чирэгдэл гарахгүй. Бусад улс орны хувьд ч дүүргээсээ үйлчилгээ авдаг юм билээ. Хамгийн гол шаардлага нь тухайн эд хөрөнгийн бүртгэл цахимжсан байдаг.
-Эд хөрөнгийн лавлагааны хүчинтэй байх хугацаа 14 хоног. Гэтэл иргэд тэр хугацаандаа ажлаа амжуулахгүй бол дахин лавлагаа авах шаардлага гарч байна. Тиймээс лавлагааны хуулийн хүчин төгөлдөр хугацааг сунгаж болохгүй юм уу?
-Бүртгэгчийн гарын үсэгтэй эд хөрөнгийн лавлагаа бол гарсан л бол хүчин төгөлдөр шүү дээ. Зээл олгож байгаа банкууд л 14 хоногийн хугацаа заагаад байна.
Албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр дүүргүүдийн ажил цэгцэртэл дор хаяад хагас сар шаардлагатай гэж байна. Тиймээс энэхүү гэнэтийн шийдвэрээс болж иргэдэд нэлээд урт хугацааны туршид хүндрэл учрах нь. Наад зах нь орон даяар эд хөрөнгийн бүртгэл цахим хэлбэрт шилжтэл иргэн та бүртгэлийн лавлагааг авахын тулд хэд хэдэн дүүрэг дамжин явж цаг зав унааны зардлаас эхлээд олон хүндрэл гарч буй бололтой.
Н.Түвшин, Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ