“Яруу эгшиглэн” хамтлагийн хүүхдүүд Хөх хотод тоглоно
Монгол ардын дууны “Яруу эгшиглэн” хамтлагийн бяцхан хүүхдүүд цэцэрлэг, ерөнхий боловсролийн сургуулийн сурагчдийн дунд зохион байгуулдаг “Алтан цом” хүүхдийн урлагийн их наадам”-д алтан медаль, батламж, БНХАУ-ын Хөх хотын Одон ТВ-д тоглох эрхийн бичгээр шагнууллаа.
Тус хамтлаг нь өнгөрөгч нэгдүгээр сард “Галбингаа” сургалтын төвийн дэргэдэх хүүхдийн язгуур урлагийн хамтлаг болон байгуулагджээ. Дашрамд дуулгахад, “Яруу эгшиглэн” хамтлагийн багш Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан С.Дэлгэрцэцэг өмнө нь “Монгол эгшиглэн” хамтлагыг үүсгэн байгуулсан туршлагатай, чадварлаг багш аж.
Түүний удирдлагаар “Монгол эгшиглэн” хамтлагийн багачууд “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-I” цомгийг гаргаж байсан. Харин энэ удаад “Яруу эгшиглэн” хамтлагийн багачууд “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая II” бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.
Одоогоор тус хамтлаг урын сандаа П.Дэлгэржаргалын үг, МУСТА Р.Бат-Эрдэнийн ая ''Бид монголдоо хайртай'', Т.Бямбарагчаагийн үг, Д.Чулууны ая ''Чингисийн монголд урьж байна'', Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн үг, МУСТА Р.Бат-Эрдэнийн ая ''Ерөөлөөр учирсан миний монгол'', Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг, Д.Галсанбаярын ая ''Чингис'' зэрэг дуунуудтай болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ