
Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ыг үндэслэн Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн улсын зургаадугаар уралдааныг зарласан юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос зохион байгуулж буй тус уралдаанаар хүүхдэд зориулсан драмын болон хүүхэлдэйн жүжиг, шилдэг дууны цомог, чөлөөт сэдвээр шилдэг уран бүтээлийн урын санг баяжуулах, уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг тэтгэн дэмжих зорилготой аж. Драмын жүжгийн хувьд орчин цагийн хүүхэд багачуудын бодол сэтгэхүйн нууц, амьдралын гүнд нэвтэрсэн чөлөөт сэдэв бүхий 60-аас 90 минут үргэлжлэхүйц хэмжээний зохиол байх гэнэ. Хүүхэлдэйн жүжгийн хувьд сургуулийн өмнөх болон сургуулийн бага насныханд зориулсан, чөлөөт сэдэвтэй 40-60 минут үргэлжлэхүйц зохиол байх бол хүүхдийн дууны цомогт мэргэжлийн түвшинд бичиж найруулсан 20-иос дээш дуутай цомгийн эх бэлтгэл, цомогт орсон дууны шүлэг, нот бүхий номын эхийн хамт илгээх аж. Цомогт орох дуунууд нь хүүхдийн тодорхой насны ангилалд хамаарсан, үе үеийн шилдэг бүтээлүүд байх ба шалгарсан бүтээлийг нийтийн хүртээл болгоход төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Иймд зохиолч, уран бүтээлчид ирэх сарын 4-ний дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо буюу Соёлын төв өргөөний 1103 тоотод бүтээлээ өгөх боломжтой аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ