
Дэлхийн дулаарал, цөлжилтийн асуудлаар сүүлийн жилүүдэд их яригдах болсон. Цөлжилтийг арилгах хамгийн шалгарсан арга бол ногоон байгалийг тэтгэж, дэлхий нийтээр мод тарих ажлыг эрхэм болгоод буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Гэрийн ногоон амьдрал” ТББ-аас санаачлан цөлжилтийг бууруулах зорилгоор Мянганы зам дагуу мод тарих төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болсон хэмээн Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэв. Хуралд “Гэрийн ногоон амьдрал” ТББ болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 27 ТББ-ын төлөөлөл оролцлоо.
Хурал зохион байгуулагчид энэ үеэр “Дэлхий нийтээр цөлжилтийн асуудлаар ярих болсон. Учир нь дэлхийн хуурай газрын 3/1 хэсэг нь цөлжиж, хуурайшилтад өртсөнөөс байгаль , цаг уурын таагүй үзэгдлүүд жилээс жилд нэмэгдэж, экологийн тэнцвэр алдагдаж байгааг ярих болсон. Монгол орны хувьд сүүлийн жилүүдэд хуурайшилт ихээр нэмэгдэж, шинээр мод ургамал тарих нь багасч, зөвхөн барилга байшин барих нэрээр бүтээн байгуулалт л хийгдэж байна. Тиймээс энэхүү асуудалд төр засгаас анхаарч, хөрөнгө мөнгө зарцуулах цаг нь болсон. Гэхдээ төр засгаас бүхнийг шйидвэрлэхийг хүлээж суулгүй байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд нэгдэж, 2030 он гэхэд цөлжилтийг тодорхой хувиар бууруулах зорилт тавьлаа. Энэхүү төслийг 2020 хүртэл хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд Мянганы зам дагуух 34 мянган га газарт автозамын дэргэдүүр хоорондоо дөрвөн метр зайтай, гурван эгнээ бүхий 34 сая мод тарих юм. Ингэхдээ монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон улиас, хайлаас, элсний бургас зэрэг моддыг тарих бөгөөд эхний ээлжинд 140 мянган улиас, 30 мянган хайлаас, 180 элсний бургасыг хөрсөнд суулгана. Улиас, хайлаасыг өөрийн төв хүлэмж болох Гачуурт дахь аж ахуйгаас нийлүүлэх бол элсний бургасыг БНХАУ-аас оруулж ирсэн. Элсний бургас нь цөлжилтийг бууруулахад хамгийн үр нөлөө өндөртэй мод гэдгийг судалгаагаар тогтоосон юм.
Бид зөвхөн мод тариад орхихгүй, тордох арчлах асуудлыг цогцоор нь шийдэж, нийгмийн эмзэг бүлгийн, ажилгүй орлогогүй иргэдийг ажлын байраар хангах юм. Ингэхдээ гурван км тутамд хоёр айлыг байрлуулж, тарьсан моддыг арчлах ажлыг хийлгэнэ. Дан ганц мод арчлаад суухгүй эдгээр 60-аад айл өрхийн дунд бичил үнээний ферм, хүнсний ногооны аж ахуй зэргийг эрхлэх боломжоор хангах юм. Учир нь зам дагаж хөгжил гэдэг зарчмаар дээрх айл өрхүүд аж ахуй эрхэлсэн ашиг шимээрээ худалдаа наймаа эрхлэх боломжтой. Бидний энэхүү төслийг дэмжиж хамран ажиллах байгууллага хамт олон цөөнгүй байгаа ба гэр бүлээрээ хотод биш хөдөө гарч ажиллах иргэд ч холбогдож байна. Хөдөө гэр бүлээрээ ажиллах хүсэлтэй иргэдийг бид мод арчлах арга ажиллагаа, нарийн ногоо тариалах, үнээний фермийн арга ажиллагаа зэрэг сэдвээр сургалтад суулгасан. Одоогоор эхний 100 га газарт ажиллах 300 гаруй хүнийг бэлтгээд байна. Манай төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдийг нэмж бүртгэх ажлыг ч удахгүй эхлүүлнэ” гэв.
“Гэрийн ногоон амьдрал” ТББ-ийн тэргүүн Ч. Оюунгэрэл “Бид энэхүү төслийг эхлүүлснээр Монгол улсад төдийгүй дэлхийн дулаарлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэж үзэж байна. Нэг айлд дунджаар 50 сая төгрөг төсөвлөж үнээ, гахайны ферм, ногооны аж ахуйтай болгож, яваандаа ажил үйлчилгээ нь өсөн нэмэгдснээр 3000 хүнийг ажлын байраар хангах боломжтой. Хамгийн гол нь Засгийн газраас цөлжилтийг бууруулах зорилгоор манай улсад төсөвлөгдөн хандив тусламжийн мөнгийг хувиарлахдаа бидний ажлыг дэмжин тодорхой хувийг олгож байхыг хүсч байна. Ингэвэл бидний ажил төдийгүй монгол улсын цөлжилтөд ихээхэн хувь нэмэр болох юм” гэлээ.
Дашрамд дуулгахад, ирэх сарын 6-нд Гачуурт дахь аж ахуйн байрандаа энэхүү төслийн нээлт болох бол 15-ны өдрөөс эхлэн мод тарих ажлыг албан ёсоор эхлүүлэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ