Дөрвөн жилдээ нэг болдог сонгууль гэдэг ээлжит жүжгийн зохиол нь бичигдээд, дүрүүд нь тодроод тайзан дээр тавигдах шатандаа орж байх шиг байна. Урьд өмнөх жүжгүүд зохиол найруулга нь муутайгаас болж ард түмэн хэмээх үзэгчидээс ихээхэн шүүмжлэл хүртсэн билээ. Жүжгийн шилдэг дүрүүдийг шалгаруулхад үзэгчидээс санал авна гэдэг ч шүүгч, ажилчид гэх нөхдүүдийн л саналаар шалгардаг болсон гэж дээр дооргүй шивнэлдэж байгаа. Энэ жил ч бүр үзэгчид биш бүр зохиомол машин санал өгч магадгүй болчихоод байна. Энэ ч томоохон хардалт сэрдэлт дагуулах нь улам л тодорхой болсоор байна. Сонин хэвлэлээр ерөнхий сайд асан С. Баярын найруулсан жүжиг ялах боломжтой гэж ярьж, бичиж байна. Энэ юу гэсэн үг вэ.
Мөн доорхи зүйлүүд яг юуг өгүүлнэ вэ. Энэ жилийн сонгууль жүжгийн гол дүрүүд болох МАН, АН хоёулаа үзэгчидын дунд нэр хүнд муутай байгаа. Тиймээс гол найруулагчын зүгээс нэгийнх нь нэрийг өргөж, нөгөөд нь бүх ачааг үүрүүлж үзэгчидыг аргалах санаатай байгаа. Гэхдээ авсан шагнал, дагалдах бэлэг сэлтийг тэнцүү хуваахаар л тохирох байхдаа. МАН нь АН-ыгаа дэмжихээр л тохиролцчихсон л юм шиг байгаа юм. Энэ нь олон зүйл дээр мэдрэгдээд байх юм.
1. Монголын иргэний бүртгэл мэдээллийн санг Америк улс руу явуулж сэргээлгэх болсон нь цаанаа ямар зорилгыг агуулж байсан вэ. Монголын үндэсний аюулгүй байдалтай холбоотой хамгийн нууц мэдээллийг хэн ямар зорилгоор харь улс руу гаргаж явуулав. Монгол улсад нууц гэх юм байхаа больсон юм уу. Яагаад УИХ-аар ч энэ талаар хэлэлцүүлсэнгүй вэ. Аль эсвэл бүгд дуу нэгтэйгээр зөвшөөрөх болохоор хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн юмуу. Иргэний бүртгэл мэдээлэл нь бүхэлдээ очсон улсад яагаад санал тоолох машин бас захиалав. Тохируулж тааруулахыг, хуурч хулхидахыг чадмаг хийдэг болохоор нь Америкийг сонгосон юмуу. Ер нь ямар санаа агуулсан вэ? Үүн дээр эрх баригч хоёр намын аль нь ч дуугарахгүй байгаа нь нэг л сонин.
2. Иргэний цахим үнэмлэх хэвлэх хариуцлагатай ажлыг ямар ч тендергүйгээр, ямар ч шалгуургүйгээр яагаад Бодь группд өгөв. Монгол улсын иргэний цахим үнэмлэх хэвлэх үйлдвэрийг худалдан авах, суурилуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр авч 5,381,200,000 /таван тэрбум гурван зуун наян нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөгийг улсаас авчээ. Мөн иргэний цахим үнэмлэхний бэлдэц нийлүүлэх ажлыг мөн л Бодь групп шууд гэрээгээр авч 6,5 тэрбумыг урьдчилгаа болгож авсан байна. Энэ бэлдэц болон нийлүүлэх ажилд нийтдээ /19,492,200,00/ төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Улсын ийм их хэмжээний мөнгийг ямар ч шалгууралтгүй энэ компанид юуны учир өгөв. Бодь группын захирал М.Зоригт гэх нөхөр чинь 2004 онд УИХ-д дэвшиж байсан. ИЗН-д байж байгаад АН-ын гишүүн болсон нөхөр шүү дээ. Иргэний цахим үнэмлэхийг яах гэж энэ групп авсан юм. Ямар учиртай вэ. Хэмжээ хязгаараас нь илүү хэвлүүлэхийг хүссэн хэн нэгэн нөхдүүд байгаа юм биш биз. Улайн цайм АН-ын нэг нөхрийн компани ийм хариуцлагатай ажлыг өөрийн болгочихоод байхад МАН юу ч дуугарахгүй хараагүй, сонсоогүй юм шиг байгаа нь бас л сонин.
3. Сонгуулийн санал тоолох машиныг УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Ардчилсан хүчний холбооны тэргүүн З. Энхболд санаачилж яагаад ямар ч шалгуургүй нөгөө л Бодь групп оруулж ирэх болсон юм бэ. Цаанаа ямар зорилготой юм бэ. Улс төрийн намын гишүүн нөхдүүд сонгуулийн санал тоолох машиныг оруулж ирээд байж болдог юмуу. Үүн дээр ч МАН бас л юу ч дуугарсангүй. Урьдныхаар бол арслан шиг архираад гараад ирэх л байсан даа. Бас л тайлагдахгүй оньсого шиг.
4. Сонгуулийн хуудсыг хэвлэх эрхийг бас л ямар ч тендергүйгээр “Мөнхийн Үсэг” гэх компанид өгсөн нь учир битүүлэг хэвээр. “Адмон” гэх компанийг шалгаруулчихсан байж байгаад яагаад гэнэт өөрчлөв. “ Мөнхийн үсэг” гэх компаний эзэн нь МАН-ын бага хурлын гишүүн болохоор тэр үү. Эрх баригчид яг юу хийх гээд байна. Зүгээр байхаар зүлгэж суу гэж байгаа юм болов уу. Эсвэл жүжигээ жаахан өөрчилөв үү. Дээрх бүхнийг мэдсээр байж, мэдээгүй царайлан дүмбийн суусан МАН яагаад юу ч хийгээгүй юм бэ. Яагаад юу ч хийхийг хүссэнгүй вэ.
5. “Женко” Х. Баттулгын төмөр зам, зуун мянган айлын орон сууцны талаарх Ц. Нямдоржтой явуулж буй шоу яг ямар учир агуулгатай вэ. Үүний цаана юу нуугдана вэ. АН-ын Х. Баттулга одоогоор ард түмэнд баатар болж харагдаж байна. Х. Баттулгын цаана АН-ын нэр л гарна. Хөөрхий Ц. Нямдорж хөгнөө хөлдөө чирээд амьтанд ад болж харагдаж байна.
6. Монгол улсын эрх ашигт ноцтой хохирол учруулсан Оюу-толгойн гэрээнд гарын үсэг зурсан засгийн газрын танхимын гишүүн, ЗТБХБЯ-ны сайд асан Х. Баттулга та яагаад Оюу-толгойн гэрээний талаар юу ч дуугарахгүй, ярихгүй байна вэ. Оюу-толгойн гэрээ чинь хамгийн түрүүнд л яригдах сэдэв баймаар. Хамтаараа цуг хийсэн болохоор хаа хамаагүй бас дуугарч болохгүй л байгаа байх. АН-ын нэрэнд муу шүү дээ.
7. Монголын стратегийн чухал орд газруудыг дээрэмдэн, цөлмөж байгаа асуудлыг Х. Баттулга яагаад гаргаж тавихгүй байна вэ. Шалтгаан байгаа юм уу. Аль эсвэл мартаад байна уу. Бас л аль алиных нь нэр холбогдох болохоор дуугүй л байсан байх.
8. Монгол улсын гадаад өр 9,1 тэрбум доллар хүрчихээд байхад энэ их өрийг хэн тавьсан, юунд зарцуулсан, юу бүтээсэн талаарх асуудлыг Х.Баттулга та яагаад гаргаж тавихгүй байна. Хөөрхий хоёр нам хэтэвч нь холбоотой болохоор хэрэг нь бас л цуг илэрэх гээд байсан биздээ
9. Монгол улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн улс төрийн намуудыг татан буулгах тухай асуудлыг тууштай эх оронч л юм бол Х.Баттулга та яагаад гаргаж тавихгүй байна. Эрх баригч хоёр нам хоёулаа унах болчихоор бас айсан уу. За тэгээд сүүлийн үед АН-ын дайралт МАН-ын дүмбийлт нэгийг л хэлээд байх шиг. Одоо чи дараа нь би гэсэн тохиролцоо л яваад байна уу.
Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд Монголын ард түмэн эрх мэдэлтнүүдийн тавьсан жүжгэнд толгой нь эргэн төөрөлдөж байсаар ялагдах нь тодорхой болж байх шиг байна. Одоо тэгээд яах вэ. Эрх мэдэлтнүүдийн улс төрийн жүжиг үргэлжлэн тавигдсаар л байна. Харин ард түмэн утга агуулгыг нь ойлголгүй алга ташин үзсээр л сууна.
Х. Батхүү