Сүүлийн дөрвөн жилд 202 тэрбум төгрөг түймэрт шатжээ

img

Хахир хүйтэн өвөл ард хоцорч, урин дулаан цаг хаяанд хэдийнэ ирлээ. Гэтэл сайныг дагаад саар гэгчээр хаврын улирлыг салхи шуурга, хуурайшилт дагалддаг. Үүнтэй зэрэгцэн манай орны байгаль экологи, эдийн засагт томоохон хохирол учруулдаг гамшгийн нэг ой, хээрийн түймэр гарч эхэлдэг. Монгол орны нутаг дэвсгэрийн 55,3 хувь нь ой, хээрийн түймэр гарах магадлал өндөртэй бүсэд хамаарагддаг. Түймэр гарах үндсэн нөхцөл нь хэдийгээр байгалиас эхтэй ч түүнээс илүү хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж жилээс жилд ой, хээрийн түймрийн гаралт өссөөр байна. Гал түймэр гарсан шалтгаануудыг сүүлийн 10 жилийн дунджаар үзвэл ил задгай гал түлэх, самар жимс түүгчдийн болгоомжгүй үйлдлээс гарсан гал 33 хувийг, цогтой үнс нурам, унтраалгүй орхисон тамхи, шүдэнзний галаас гарсан түймэр 35 хувийг эзлэж байгаа талаарх судалгааг Гамшиг судлалын хүрээлэнгээс гаргажээ. Харин сараар нь судлан үзэхэд хавар 4, 5 дугаар сард намар 8, 9 дүгээр сард түймэр хамгийн их гардаг бөгөөд 4, 5 дугаар сард хамгийн олон буюу нийт гал түймрийн  37 хувь нь гарчээ. Өөрөөр хэлбэл, яг өдийд түймрийн улирал ирээд байна. Муу амлах гэсэнгүй хаврын улирлын салхи шуурга, хуурайшилтын зэрэглэл аюултай түвшинд хүрснээс ой, хээрийн түймэр ихсэх хандлагатай байгаа бөгөөд он гарсаар улсын хэмжээнд  44 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар л гэхэд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутагт таван түймэр асч, Булган, Завхан, Хөвсгөл аймгийн нутагт гурван түймэр цурманд байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн нутагт,  тус сумын “Өндөр цахир”-т  гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт гарсан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын болон, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх салбарын бүлэг, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 81 дүгээр ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд гээд 147 хүн  автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн тус аймгийн Сэлэнгэ сумын дөрөвдүгээр багийн нутаг, “Зүүн тарвагатай гол”, “Сангастай уул” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар Булган аймгийн Онцгой байдлын газрын болон Дархан-Уул, Орхон Онцгой байдлын газрын албан хаагчид  орон нутгийн иргэд ажиллаж байна. Ийнхүү дурьдаад байвал олон ч хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө түймэрт шатаж байна гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилд л гэхэд 615 удаа ой, хээрийн түймэр гарч  нийт  202,83 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд  2,394  сая га талбай шатсан гэсэн харамсалтай тоон судалгаа бий. Цаашлаад иргэд эрүүл мэндээрээ хохирч, ан амьтан шатаж, байгальд орчинд нөхөж боломгүй гарз учрах явдал цөөнгүй. Иймд салхи шуургатай хаврын энэ үед иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах, түймэрт өртөж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох,  түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох шаардлагатай байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаар байна. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ