Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар төрийн болон төрийн бус байгууллагууд олон ажил санаачилдаг. Тэд хөрсний бохирдол дээд хэмжээнд хүрч, өвөлдөө утаанд, хавартаа шороонд дарагдсан Улаанбаатарын байгаль экологийн тэнцвэр алдагдаад байгаа талаар баримт дэлгэн ярих нь бий. Гэтэл энэ бүхнээс илүүтэй нийслэлчүүдийг ундаалдаг Туул голын экологийн тэнцвэр алдагдаж, өнөөдөр та биднээс аврал эрж, ирэх зун урсах эсэх нь эргэлзээтэй болчихож, хүмүүс минь.
Ямартай ч, Байгаль орчны салбарын эрдэмтэд Туулын урсацыг нэмэгдүүлэхэд минж нутагшуулах нь хамгийн шалгарсан арга хэмээн үзэж буй. Тиймээс бодлогын чанартай
судалгаа хийж,
Туул голын Хар усан тохойд минж үржүүлгийн төв байгуулж, эхний 10 минжийг Герман улсаас энэ сард авчирна гэдгийг албаныхан мэдэгдээд байгаа. Мөн ОХУ-аас ч 20 минж авчрах яриа хэлцлийг төслийн багийнхан эхлүүлсэн гэнэ.

Өнгөрсөн сарын 22-нд Монголын Ногоон суваг, Усны газартай хамтран “Хатан Туул ба цаг хугацаа-2012” аяны арга хэмжээг эхлүүлж, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон Байгаль орчны сайдад Туулын уснаас дээжлэн бумбанд хийж бэлэг болгон гардуулан өгсөн. Энэ арга хэмжээнд 3000 гаруй хүнийг оролцуулж, ариун бумбанд хийсэн аравнайлсан усыг төрийн эрх бүхий эрхмүүдэд өртөөчлөн хүлээлгэн өгснөөр Туул голдоо хүндэтгэл үзүүллээ хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байсан. Түүнчлэн иргэд олон нийтийг энэхүү ажилд оролцуулснаар Туул голын асуудалд санаа тавьж, анхаарлаа хандуулна хэмээн үзсэн. Тухайн үед Туулын ус захаасаа дөнгөж л зайрмагтан урсаж байсан юм. Харин өнөөдөр буюу 20 гаруй хоногийн дараа Туулын мөс хайлсан ч урсгал нь татарчээ. Өнгөрсөн оны хавар Яармагийн гүүрнээс Туулын ус татарч байгаа талаар хэвлэл мэдээллээр олонтаа гарч байсан. Харин өнөө жил Яармагийн гүүр төдийгүй нийслэл хотын чимэг болон урсах ёстой Туулын ус Зайсангийн гүүр орчимд хэдийн тасарчихлаа. Хойтон жил Туулын ус бүүр ч дээгүүр тасрахыг үгүйсгэхгүй.
Туул голоо аврахад дан ганц төрийн болон төрийн бус байгууллагынхан анхаарлаа хандуулах бус нийслэл хотод амьдардаг, хүн бүхний сэтгэл хамгийн чухал. Гэтэл өнөө цагийн залуус маань Туул голынхоо сайр нь дээр үртсэн зүрх шатааж, хайраа илчилдэг моод дэлгэрч. Харин өнөөдөр Туул голд маань хайраа илчилсэн залуусын үйлдэл бус арчилж, тордох авралын гар хэрэгтэй болжээ.
П.Наран
Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ