Монгол, Францын Гадаад хэргийн яам хороондын зөвлөлдөх уулзалт болов

img

Монгол, Францын Гадаад хэргийн яам хоорондын улс төр, эдийн засгийн зөвлөлдөх уулзалт Парис хотноо өчигдөр болжээ. Зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, Францын талын төлөөлөгчдийг Гадаад болон Европын хэргийн яамны Ази, Номхон далайн газрын  захирал ноён Жан-Поль Ортиз нар тэргүүлэн оролцсон байна. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Ш.Одонбаатар, Францын Эдийн засаг, аж үйлдвэр, хөдөлмөр эрхлэлтийн яам, Батлан хамгаалах яамны төлөөлөгч зэрэг албаны хүмүүс оролцжээ. Зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс Европын Холбооны нөлөө бүхий гишүүн Франц Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, “иж бүрэн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлж, хоёр талын өндөр, дээд хэмжээний айлчлалыг хоёр урсгалтай болгох, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь хоёр талын харилцаанд өндөр ач холбогдолтойг онцлосон байна. Монгол, Францын худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд, хоёр орны худалдааны эргэлт сүүлийн 10 жилд 10 дахин нэмэгдэж, өнгөрсөн оны байдлаар 108 сая ам.долларт хүрч, цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хоёр орны хувийн хэвшлийн хооронд харилцааг өргөжүүлэх талаар ярилцсан аж. Түүчлэн ирэх есдүгээр сард Францын Аж Ахуйн Нэгжүүдийн Хөдөлгөөний төлөөлөгчдийн Монголд хийхээр төлөвлөж буй айлчлалыг үр дүнтэй болгох тал дээр хамтран ажиллахаа илэрхийлжээ. Уулзалтын хүрээнд мөн батлан хамгаалах, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, түүнчлэн Европын Холбоо, НҮБ, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ