Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар НХХ-ийн сайд Т.Гандигаас тодруулллаа.
-Засгийн газрын хуралдаанаар эхийн одонгийн мөнгөний нэмэгдлийн асуудлыг хэлэлцлээ. Ямар шийдвэр гарсан бэ?
-Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар эхийн I, II одонтой ээжүүдэд 100 мянга, хоёр зуун мянган төгрөг олгож байгаа. Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн хуулиар эхийн I одонтой эхчүүдэд таван зуу, II одонтой эхчүүдэд нэг сая, гурав дахь хүүхдээ төрүүлж, өсгөж байгаа эхчүүдэд гурван зуун мянган төгрөг олгохоор болж байгаа юм. Энэ нь алдарт эхийн одонтой буюу олон хүүхэдтэй ээж нарыг дэмжих бодлогыг судлахад хүн амаа дэмжих бодлого хангалтгүй байгаа нь харагдсан. Тиймээс БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1990 онд гарч байсан зарлиг болон урьд өмнө хэрэглэж байсан хууль эрх зүйн актиуд, шийдвэрүүдийн нөлөөллийг өнөөдрийн гаргаж байгаа бодлогын нөлөөллийг харьцуулан судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд гурав дахь хүүхэд буюу нөхөн үржихүйн нэмэгдэж байгаа хүүхдийн төвшинд дэмжих бодлого баримтлахгүй бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд, үзэл баримтлалын хүрээнд Засгийн газар болгон дэмжиж явахгүй бол хүн амын өсөлтийн хурд хүссэн төвшинд хүрэхгүй байна.
-Жилд нэг удаа л 300 мянган төгрөг олгох юм уу?
-Тийм.
-Хэзээнээс хэрэгжих юм бэ?
-УИХ дээр энэ асуудлыг хэлэлцээд хэрэгжих хугацааг шийдвэрлэнэ. Засгийн газрын тодорхой шийдлийн хүрээнд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ хэмээн заалаа. Энэ бол үндсэн чиглэл болон үзэл баримтлалтайгаа цуг явах хууль.
-Говийн болон алслагдсан бүсийг хэрхэн тодорхойлох юм бэ
-Алслагдлын нэмэгдлийг зөвхөн манай оронд биш, байгаль цаг уурын эрсдэлтэй хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг иргэддээ зориулан тусгайлсан бодлого хэрэгжүүлдэг улс орнууд бий. Тухайлбал, хойд туйлд амьдарч байгаа үндэсний цөөнх болсон иргэддээ авч хэрэгжүүлдэг бодлогын загварууд бий. Мөн говь цөлжсөн бүсэд амьдардаг иргэддээ зориулсан төрийн бодлогуудыг аливаа улс гаргадаг. Алслагдсан болон говийн нэмэгдлийн талаар тогтоолын төслийг бэлтгэн хэлэлцүүллээ.
-Алслалтыг юугаар тогтоодог юм бэ?
-Тээврийн зардал буюу худалдааны өртөгөөр дамжуулан хүн амын өргөн хэрэглээний бараа, амжиргааны төвшинд нөлөөлж байдаг. Энэ алслалтын нэмэгдлийг хэрхэн олгох вэ, энэ мөнгийг олгосноор тодорхой хэмжээгээр төв суурин газрыг чиглэсэн механик чиглэлийг зохицуулах вэ гэдэгт анхаарал хандуулдаг. Алслалтын нэмэгдэл дотор цаг агаарын өөрчлөлтөөс болж тухайн орон нутагт үүсэж буй экологийн сүйрлийг сааруулахад нөлөөлөх, хатуулаг ихтэй усыг зөөлрүүлэх бодлого шаардлагатай байгаа сумдаа бид тодорхойлж гаргасан.
-Хэчнээн сум энэ бүсэд хамрагдаж байгаа вэ?
-Говийн бүс болон алслагдсан бүсүүд тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр гарна. Эдгээр сумдын нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөдрийн байдал, алслалтын хэмжээг тодорхойлох юм. Энэ үзүүлэлтээр алслалтын зэрэглэлийг тогтоож, сумдад нэмэгдэл олгохоор боллоо. Мөн говийн бүсийн нэмэгдлийн жагсаалтад багтсан сумын иргэн бүрт долоон мянга, алслагдсан болон говийн бүсэд хамрагдсан сумын иргэн бүрт арван мянган төгрөг олгохоор боллоо. Үнийн өсөлтийн нэмэгдлээс хамаарч үнийг нэмэх эсэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байхаар тусгажээ. Энэхүү арга хэмжээнд 148 сумын 488 мянга 423 иргэн хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Сард 3.3, жилд 41.7 тэрбум төгрөг энэ ажилд шаардагдана. Энэ мөнгөний эх үүсвэрийг Халамжийн хуультайгаа уялдуулж, бодлогыг нь гаргахаар төлөвлөж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ