Миний ойлгосон намууд

img

“Тусгаар тогтнолын нам” гэж байдаг уу? Нэг хэсэг Ж.Энхбаяраар шуугисан, дараа нь цагдаагийн хурандаа нарын “сайн дурын” цагдан хоригдолт, дараа нь Женко Баттулгын АТГ–т хандсан хэрэг. Сонгууль дөхөх тусам ч халуухан мэдээнүүд шил шилээ даран гарах нь ээ. За тэр ч яахав, улсаа сүйдэлчихгүй бол тэмцэх л хэрэгтэй. Хувь хүмүүсийн төдийгүй, хоёр том намын баримтлах “имиж”, пи ар эхнээсээ тодорч эхэллээ. МАНАН болж МАН–тай нөхцлөө гээд, АН яаж ч муудлаа гээд “Ардчилал” гэдэг үг өөрөө нийгмийн сэтгэл зүйд Ардчилсан нам гэж ойлгогддог. АН–ын ямар ч хөгшин эр МАН–ын ямар ч мундаг цэл залуухан гишүүнийг “Чи муу коммунист” гэж бахдалтайгаар чичилж чадна. МАН–д “Ардчилал” гэдэг үгтэй дүйхүйц, бүүр давж гарахуйц имиж хэрэгтэй болсон, түүнийгээ ч аль хэдийнэ олж. Нийслэлийн МАН–ын хорооны урдахь талбайг маш сайхан тохижуулаад “Тусгаар тогтнол”–ын талбай гэж нэрийдсэн. Шинэ байраа ч мөн “Тусгаар тогтнол”–ын ордон гэсэн. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн тухай кино тэрбум төгрөгөөр хийсэн. Намынхаа нэрийг л “Тусгаар тогтнолын нам” гэж өөрчилсөнгүй. “Ардчилал” гэдэг имижээс давж гарахуйц “Тусгаар тогтнол” хэмээх үгийг хэтэрхий өмчлөх гээд байгаад нь хүмүүс ихээхэн бухимдаж буй. Гэхдээ би лав АН–ын пи-ар хийдэг хүн байсан бол “Тусгар тогтнолын нам” гэдэг жижигхээн хөөрхөн тоглоомын нам байгуулчих байсаан. “Тусгаар тогтнолын талбайд ТТН–ынхан цуглах тул та бүхэн ирээрэй”, эсвэл “Тусгаар тогтнолын ордон бол ТТН–тай салшгүй холбоотой билээ”, “МАНАН-г зайлуулж тусгаар тогтнолынхоо төлөө тэмцье” гэх маягийн урианууд гаргаж ирээд л. Мөнгө зарах ч хэрэггүй, рекламыг нь МАН–ынхан өөрсдөө хийгээд өгчихсөн учраас. Тэртээ тэргүй МАХН гэдэг үйлийн үрээ яая гэж байхад дээрээс нь ТТН гээд гараад ирвэл ч МАН–д их л таагүй тусна. Гэхдээ МАН–ынхан ухаантай улсууд учир энэ талын юмыг аль эрт тооцсон байх л даа. Улаан цэнхэр үзэл баримтлал, тактик “...Монголд ер нь комунист нам гэж байгаагүй. Тусгаар тогтнолын төлөө тэмцэх 80 жилийн явцад СССР –ын шахалтаар МАН коммунист чиг хандлагыг барихаас өөр аргагүй болсон. Ер нь тухайн үед социалист биш чөлөөт либерал замаар явсан бол Монголын хүн ам 2.8 саяд хүрэхгүй байсан, тухайн үеийн хатуу захиргаа үгүйсэн бол Монгол хятадуудаар л дүүрэх байсан, СССР –ын тусламж үгүй бол том хотууд баригдахгүй байсан – өдий зэрэгтэй яваа нь МАН –ын гавъяа. Цагийн аясаар 1980 – 1990 онд социалист дэглэм бүтэхгүй гэдэг нь мэдэгдэж дэлхий даяараа татгалзсан. МАХН (МАН) ч бас ард түмнийхээ шаардлагыг сонсож КОММУНИСТ зарчмаасаа татгалзаж АРДЧИЛСАН чиг баримжаатай болсон. Хамаг эрх мэдлээ алдахаа мэдсэн хэдий ч ард түмэндээ итгэж АРДЧИЛАЛД ШИЛЖИЖ чадсан нь нарийндаа ярьвал МАХН (МАН) –ын зориг зүрх. Зөв буруу, худал үнэн мэдэгдэхгүй, харийнхан баялагт минь өнгийсөн энэ цөвүүн цагт хамгийн найдвартай, итгэлтэй, эх орны тусгаар тогтнолын төлөө үеийн үед тууштай зогссоор ирсэн МАН –даа итгэгтүн...” товчхондоо МАН –ын баримтлах тактик, пи-ар нэг иймэрхүү өнгө аястай байх бололтой. Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдэг дээ. Элдэв янзын тэмцэгч, хувьсгалч, “оюун санааны дайчид” нараас болгоомжилсон иргэд МАН –ынхаа нэрийг дугуйлчихаж магадгүй л юм. Харин АН –ын баримталж буй тактик юу вэ? Маш товчхондоо “..АН сонгуульд ялбал олон ч олигархи, авилгалч дарга нар дээлээ нөмөрнө дөө..” гэсэн хатуу үгс, “..Социализмын 70 жил, ардчилалын 20 жил гээд өчнөөн жил МАН төрийн эрх барьлаа, АН дөрөвхөн жил барих гэхэд нь МАН юу ч хийлгэж амжаагүй. Дахиад ганцхан боломж олгооч дээ иргэд минь..” гэсэн зөөлөн талын имиж. Эрх баригчид нь сөрөг хүчинтэйгээ нийлчихээр арга ядсан олон түмэн МАНАН –г үзэн ядаж эхэлсэн. “МАНАН –г арилгацгаая” гэж хэчнээн ч ориллоо доо. Даан ч байгалийн манан ч тэр, бидний МАНАН ч тэр хэнд ч захирагдашгүй юм болохоороо зөвхөн өөрсдөө цаг нь ирэхээр л сарнидаг ажээ. Хэдхэн сарын өмнө бүх үзэн ядалт, бүх иргэний хөдөлгөөн МАНАН –руу чичилж, нулимж байв. АН засгаас гарсанаас хойш тэр бүхэн үзэн ядалт, буруутгалт, хараал зүхээс шууд МАН –руу ирлээ. Бүүр МАНАН –ын өрөөсөн тал АН нь өөрсдөө МАН –ыг бүх болохгүй зүйлд буруутгаж эхэлсэн. Ард түмний ой санамж тийм ч удаан хугацааных бишээ, ганцхан жилийн өмнө МАХН нэртэй байсан намыг МАН гэж хэлээд амархаан сурчихсан. Түүнтэй адил хэдхэн сарын өмнөх “аймшигт” МАНАН –г одоо бол МАН л гэж харж ойлгож сууна. Засгаас гарсан нь АН –ынхны хувьд улс төрийн “их зэвүүн” тоглолт юм. “Аль нь ч ялгаагүй дээ” хэмээх цөхрөл Өмнөх мажоритар сонгуулиудад намын нэр хүнд биш, тухайн тойрогт нэр дэвшигчийн хувийн тоглолт илүү чухал байсан. Одоо харин пропорциональ элемент орсон учраас намын нэр хүнд онцгой үүрэгтэй. Миний л ажигласанаар МАН –ын нэр хүнд үнэхээр доогуур байна, ялангуяа залуучуудын дунд. НАМЗХ, НАМОХ – оос нь бусад бараг бүх залуучууд МАН –д дургүй. Зүгээр л твиттер, фээсбүүк дээрээ МАН –ыг жаахан муулсан аястай зүйл бичихэд тэр аяараа баярлалдаж, retweet хийж, like дарж байна. Арван залуугийн нэг нь МАН –ыг өмөөрдөг – тэр нь явж явж НАМЗХ юмуу НАМОХ –ын хүн байж таарна. Дурын залуугаас очоод “Чи аль намыг дэмждэг вэ” гэж асуухад МАН ч гэхгүй, АН ч гэхгүй. Харин “Чи аль намыг үзэн ядаж байна вэ” гэж асуухад “МАН ба МАХН” гэж итгэлтэйгээр хариулна. Залуус ерөнхийдөө АН –ыг тэгтлээ дэмждэггүй юмаа гэхэд арай ч үзэн ядахгүй. 2008 оны сонгуулийн дүн гардаг шөнө EURO 2008 –ын шигшээ тоглолт болж, найзуудын хамтаар нэг паабад үзсэн юм. Завсарлагааны 15 минутын дундуур ТВ –ээр сонгуулийн зарим дүнг танилцууллаа. “Архангайд 3:0, Хөвсгөлд 4:0, Өвөрхангайд 3:1 харьцаагаар АН ялах бололтой” гэсэн нэвтрүүлэгчийн яриаг сонссон залуус нижигнэтэл алга ташилдан, шүгэлдэн хөөрч, хоорондоо гар барьцгаан тэврэлдэж билээ. Хэн нь ч хэнийгээ танихгүй, нийслэл хотын энд тэндээс цугларсан тэр олон залуус дараа нь Торрес хожлын гоол оруулахад хүртэл тэгж баярлалдаагүй. Магад МАН –ыг дэмждэг залуус хөлбөмбөг үздэггүй байж болох л доо. Гэхдээ л нийслэлийн залуусын дунд АН –н нэр хүнд тийм л өндөр БАЙСАН. Одоо харин юу л бол. АН/МАН –ын илүү дутуу Ирэх сонгуульд МАН –д гурван том аюул бий. Эхнийх нь мэдээж МАХН. Дараагийнх нь автомат машинаар санал тоолох. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд МАН лав нэг ч луйвар хийгээгүй гэвэл үлгэр болох биз. Гэхдээ “нэрээ ч солихгүй, сонгуулиа ч гараар тоолно” гэж гүрийлгүй, томоохон эрсдэлүүд үүрэн байж шинэчлэлийн салхи оруулсан нь үнэхээрийн магтууштай, их зоригтой шийдвэр болсон. Гэхдээ дээрхи хоёроос илүү МАН –д ирэх сүүлийн том аюул нь өөрийнх нь хэт тэлэлт, хэтэрхий олон мөнгөтэй залуусын дотоод өрсөлдөөн, 48 –хан мандат. Нам дотроо ялж гарах нь тойрог дээр АН –ын гартай үзэлцэхээс хавьгүй хэцүү, ухаан заль шаардсан ажил. Үлгэрлэбэл жудочид “Японы аварга болох нь Ази –ын аварга болохоос хэцүү” гэж ярьдаг шиг л. Парламентийн гишүүн эсвэл сайдын суудал өгөхгүй л юм бол эдгээр ТОП баян залууст МАН гэдэг институт ямар ч хэрэггүй. Тэд бараг дэд сайд, агентлагийн даргын суудлыг ч голно. Нийлж архидах хүн мундсан биш, иргэдийн төлөөлөгчдийн хурал даргалж “доошоо” оролтой биш. Гомдогсод МАХН юмуу, ИЗНН юмуу өөр аль ч гуравдагч хүчний талд орж чадна. Учир нь МАХН, ИЗНН –д санхүүгийн дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй. Мэдээж МАН –д дан баячууд байдаг гэвэл дэгсдүүлсэн хэрэг. Намынхаа төлөө яг нойлоосоо эхлэн насаараа зүтгэсэн олон ч залуу бий, тэднийг ч гомдоож болохгүй. Баячуудаас ялгаатай нь тэд агентлагийн дарга, иргэдийн хурал гэх мэт суудлыг голохгүй. Тэгээд ч тэд намгүйгээр амьдарч чадахгүй тул үнэнч байхаас аргагүй. АН –ын хувьд цэвэр нам, институцын утгаараа шинэчлэгдэж өөрчлөгдсөн зүйлгүй. МАН –тайгаа л адилхан идэж ууж, авилгалд холбогдогсон. Хаа очиж хувь хүн талаасаа хүчтэй шинэ лидерүүд бий боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин, Х.Баттулга гурав яах аргагүй өнөө цагийн “итгэл найдварын” лидерүүд, зөв аргаар зөв зүйлийн төлөө тэмцэж байна. МАН –ын хувьд эдэн шиг нэр цэвэр, хүчирхэг лидер даан ч алга. Хамгийн том лидерүүд нь бүгдээрээ ямар нэг “хаус, уурхай, газрын наймаа” –ны хэрэгт орооцолдсон. За тэгээд улс төрд юуг ч урьдчилан харж болдоггүй гэдэг. Хэрхэхийг цаг хугацаа л харуулах биз, одоохондоо миний ойлгосон намууд иймэрхүү л харагдаж байна. https://twitter.com/#!/aanxaa

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нийлэжийнөө:
миний ойлголт бас иймэрхүү ш дэ. санал нийлж байна
2012-04-12
battulga malaar yadiin xudlaa gar shu de
2012-04-12
сонгууль дөхөөд захиалга аваа юу
2012-04-12
Medeej 3 hunii zahialgat Medeelel bna. Mongold yaj shudarga setguul zui iim baidlaar hogjih ym be? Hevlel medeelliin udirlaguudaa negiig bodoj hoeriig hiihgui bol mongond shunaltai yaduuhan heden setguulchid chin yu hiih boloo? Ard tumen aij ehellee shu!!!!!!
2012-04-12
сонгууль дөхөөд захиалга аваа юу
Сайн дүн шинжилгээ байна.
2012-04-12