
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх даваа гаригт дуусна. Өөрөөр хэлбэл бүртгэл энэ сарын 16-ны 18.00 цаг гэхэд автоматаар зогсоно. Хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг албаны хүмүүс анхааруулж байна. Энэ тухай Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Отгонцэцэгтэй ярилцлаа.
- Бүртгэл дуусахад тун цөөхөн хоног үлдлээ. Энэ сарын 16-ны өдөр гэхэд элсэгчид бүртгүүлж амжих нь уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын бүртгэл дуусахад тав хоног л үлдлээ. Боловсролын үнэлгээний төв уртасгасан цагаар ажлын өдрүүдэд 09.00-20.00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10.00-17.00 хооронд ажиллаж, бүртгэл хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 35 мянга гаруй шалгуулагч бүртгүүлээд байна. Сүүлийн өдрүүдэд хүүхдүүд нэлээд түлхүү бүртгүүлж байна. Ер нь элсэгчдийн дунд сүүлийн жилүүдэд бүртгэлээс хоцорсон, амжихгүй тохиолдол гараагүй. Бүртгэл нийт 76 хоног үргэлжиж 24 цагийн турш онлайнаар бүртгэж байгаа.
-Элсэгчдийн олонхи нь бүртгүүлэхдээ овог, нэр, регистрийн дугаар буруу бичих зэрэг, алдаа гаргах нь бий. Энэ жилийн хувьд бүртгүүлэгчдийн голлон гаргаж буй алдаа, зөрчил юу байна вэ?
-Бүртгүүлсэн шалгуулагч мэргэжил сонголтоо хийхдээ өөрийн элсэхийг хүссэн сургуулийн оюутан элсүүлэх журамтай танилцаж хичээлээ сонгоогүй, овог нэр, регистрийн дугаар буруу оруулах зөрчил гаргадаг. Тиймээс бүртгүүлсэн шалгуулагчид бүртгэлийнхээ хуудсаа дахин хянаж үзээд, аль нэг мэдээллээ буруу оруулсан бол бүртгэлийн хугацаанд мэдээллээ засуулах бүрэн боломжтой.
-Танайх жил бүрийн туршлагагүй элсэгчдэд алдаагаа засуулах боломж олгодог. Энэ боломж хөдөө, орон нутгийнханд ч бас нээлттэй байгаа юу?
- Бүртгэлтэй холбоотой алдааг бүртгэлийн хугацаанд өргөдлийн дагуу засч, залруулах бүрэн боломжтой. Энэ боломж хөдөө орон нутагт ч мөн адил нээлттэй. Тухайн элсэгч аймгийнхаа Боловсрол соёлын газрын Элсэлтийн ерөнхий шалгалтын Зөвлөгөө, мэдээлэл хариуцсан ажилтанд өргөдлөө өгөөд өөрийн буруу оруулсан мэдээллээ засуулж болно. Гэхдээ зөвхөн хувийн мэдээлэл засна, хичээл сонголтыг өөрчлөхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр шалгалтын тестүүдийг эмхтгэн гарын авлага гаргадаг. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-2006-2011 Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн даалгавруудын эмхэтгэл номыг энэ жилийн хувьд хичээл тус бүрээр хэвлэн гаргасан. Хичээлийн эмхэтгэлүүдийг Боловсролын үнэлгээний төвийн Зөвлөгөө мэдээллийн төвөөр түгээж байгаа. Хөдөө орон нутгийн шалгуулагчийн хувьд Боловсрол соёлын газрын захиалгын дагуу хүргүүлсэн байгаа.
-Зарим их, дээд сургуулиуд оюутан элсүүлэх журмаа гаргасан байна лээ. Одоогоор хэдэн сургууль элсэлтийн журмаа гаргасан бол?
-Их, дээд сургуулиуд оюутан элсүүлэх журмаа гаргаад эхэлсэн байгаа. Манайд ирүүлсэн сургуулийн журмыг манайх www.eec.mn цахим хуудастаа байршуулсан. Тухайлбал, ЭМШУИС, МУИС, Технологийн дээд сургууль БХИС, Билиг дээд сургууль, Нийгмийн ухааны дээд сургууль гэх мэт сургуулиудын журмыг манай цахим хуудсаас болон тухайн сургуулийн вебээс үзэх боломжтой. Мөн их дээд сургуулийн консорциумын 2012 онд оюутан элсүүлэх мэргэжлийн бүлгүүдийг тавьсан байгаа.
-
Элсэлтийн ерөнхий шалгалт авах шалгалтын хуваарийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалт БСШУ-ны сайдын 2012 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 97 тоот тушаалын хавсралтаар баталсны дагуу зургадугаар сарын 8,9,10 өдрүүдэд явагдана. Тодруулбал, Хими, Орос, Англи хэлний шалгалт зургаадугаар сарын 8-нд, Түүх, Математик, Биологийн шалгалт 9-нд, Газарзүй, Нийгэм, Физикийн шалгалт сарын 10-нд болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ