Хөвсгөл, Булган аймгийн нутагт таван түймэр асч байна

img

Таван Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд он гарсаар 53 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган аймгийн нутагт таван түймэр асч, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд аймгийн нутагт таван түймэр цурманд байгаа аж. Яг одоо Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Хөх голын Хөрхрөө уул”-нд, тус аймгийн Эрдэнэбулган сумын “Агуйн дэл”-д, мөн сумын Буурлын голын “Агьт” гэдэг газар, Улаан-Уул сумын “Тайгас”, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг, “Хайлантын эх” зэрэг газрууд ойг түймэр асч байна. Дээрх түймрийг унтраахаар Хөвсгөл, Булган аймгийн онцгой байдлын албан хаагчид, орон нутгийн иргэд хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын “Зүүн тарвагатай гол”, “Сангастай уул”, тус аймгийн Тэшиг сумын “Цуурай”, “Хурган хясаа”, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Өндөр цахир”, Ховд аймгийн Ховд сумын “Алаг” зэрэг газруудад гарсан ой хээрийн түймрийг аймгуудын Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд ажиллан цурманд оруулжээ. Харин Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, “Нурамтын ам” гэдэг газар энэ сарын 10-нд 4 га орчим талбай хамран ой, хээрийн түймэр гарсныг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах салбар, Аврах гал унтраах 63 дугаар ангийн албан хаагчид  ажиллан бүрэн унтраасан байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ