
Хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн нарийн асуудлууд, хүмүүсийн харилцаа, стресс бухимдал, зөрчил, маргаан, ганцаардал, ажлын бүтээмжгүй байдал зэрэг нь нийгэм-сэтгэл зүйн учир шалтгаантай. Үүнийг эмчлэх, эдгээхийн тулд ямар нэгэн арга заслаас илүү хүн өөрийгөө ойлгож, мэдрэх нь хамгийн чухал аж. Тиймээс Сэтгэл Судлалын үндэсний төв сэтгэл зүйн үйлчилгээг олон нийтэд хүргэх зорилгоор сар бүрийн гуравдахь долоо хоногийн баасан гаригийг нээлттэй өдөр болгон сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг юм байна. Энэ сарын нээлттэй өдөрлөгөөр хүүхдийн, бие хүний, гэр бүлийн асуудлын хүрээнд зөвлөгөө өгөх аж.
Дашрамд дуулгахад, тус төвөөс өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сургалтыг үр нөлөөг улам нэмэгдүүлэхийн тулд “Боломж дандаа чиний гарт” нэртэй номыг эрхлэн гаргажээ.
Уг ном нь хүүхдүүдэд нэн тулгамддаг сэтгэл зүйн бүхий л асуудлаар мэргэжлийн сэтгэл судлаачид нарийн тайлбарууд оруулж зөвлөх байдлаар бичигдсэн аж. Хүүхэд өөрийгөө танин мэдэх, танин мэдэснээр энэ насанд гарч болох асуудал, эрсдэлтэй зүйлийн талаар сайтар тунгаан бодож өөрийн сэтгэл зүйтэйгээ ажиллах боломжтой сэтгэл зүйн дасгалууд орсон. Мөн хэцүү хүүхдийн тухай, ямар нэгэн зүйлд донтсон, хичээл сурлагын хоцрогдолтой, гэртээ байх дургүй, стресс, бухимдал, амиа хорлолтын хор уршиг, уур уцаартай, түгшүүртэй байгаа хүүхдүүд өөрийн талаар уншиж өөртөө дүгнэлт хийх, өөрийн ирээдүйн талаар бодож, боломж өөрт нь байгааг олж харахад боломжтой гэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ