Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэх талаар хэлэлцэж байна

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн хуулийн талаархи Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Пүрэвням танилцуулсан юм. Цэцийн дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүд дараахь байр суурийг илэрхийлж байлаа. С.Эрдэнэ: Үндсэн хуулийн цэц улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болсон. Баарын нэр унасан. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд томилсон хүмүүсээ татаж, хууль биелүүлдэг шударга хүмүүсийг тавих ёстой. Одоогийн улс төрийн захиалга биелүүлдэг хүмүүсийг татах ёстой гэж үзэж байна. Н.Батбаяр: Монгол Улсын Үндсэн хууль зөрчигдсөн эсэх тухай асуудал ээдрээтэй болчихлоо. Үндсэн хуулиар сонгууль эхлэхээс зургаан сарын өмнө Сонгуулийг засдаггүй. Гэтэл Цэц ингэ гэж шийдвэр гаргалаа. Цэц Үндсэн хуулиа зөрчиж, иргэдийн эрх ашгийг хөндлөө. УИХ-ын гишүүдийг сонгогчид шууд санал хураалтаар сонгодог. Иргэдтэй уулзахад гишүүдийг бид шууд сонгох ёстой гэж хэлж байлаа. Ирэх зургадугаар сард явагдах сонгууль өөрөө хүчин төгөлдөр болох уу, үгүй юу гэдэг тодорхой бус болчихлоо. Гишүүдээ энэ удаад хэдүүлээ үүнийг хүлээж авахгүй гээд явуулъя. Тэгээд эд нар дээшээ очоод ямар шийдвэр гаргах нь вэ. Түүнийг нь харъя. Их суудлын хуралдаанаараа үүнийгээ унагачих магадлалтай хүмүүс. Манай Цэц нэг ажил дээр гурав эргэдэг. Үүнийг нь бид өөрсдөө засая. Тэгэхгүй бол энэ найман хүн самуураад байх шиг байна. Р.Гончигдорж: Эрхэм гишүүдээ, Цэцийн хуралдаанд та бүхнийгээ төлөөлж орсны хувьд үгээ хэлье гэж бодсон юм. Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны талаар түүнээс гарах үр дагаврын талаар яръя. Бид Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн УИХ-ын байр суурь үнэхээр чухал. Энэ Сонгуулийн хуулийг гаргах гэж холимог системийг гаргасан нь бидний хамгийн том ололт байсан. Үүнийг Цэц ойлгоогүй. Бид хуулиндаа гар хүрэхгүй. Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг итгэл үнэмшил бидэнд байгаа. Энэ мэтчилэнгээр гишүүд Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн талаар гаргасан дүгнэлтийн талаар саналаа хэлж байна. Цэцийн дүгнэлтээр санал хураалт явуулбал, АН завсарлага авна гэв УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн хуулийн талаархи Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэц буруу шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авахгүй байхыг бусад гишүүдэд уриалж байна гэж байсан юм. Уг асуудлаар УИХ-ын дарга санал хураалт явуулах гэсэн боловч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Санал хураалтыг 15.00 цаг хүртэл хойшлуулж өгөөч. Энэ асуудлыг одоо МАН олонхи гэдгээ ашиглан шийдвэрлэвэл УИХ дахь Ардчилсан нам болон бүлгийн гишүүд УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй” гэв. Үүний дагуу УИХ-ын нэгдсэн чуулган завсарлаж, 15.00 цагт хуралдахаар боллоо. С.Жигүүр        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ