Ш.Чуданжий тэрбум төгрөг төлөхгүй боллоо
Зоос банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийн давж заалдах шатны гомдлыг өнөөдөр нийслэлийн Шүүхэд хэлэлцэж түүний улсад төлөх ёстой нэг тэрбум төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Чуданжий хадгаламж эзэмшигчдийн тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэж үзэхгүй байгаа аж. Өнгөрөгч гуравдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд Ш.Чуданжийд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болж түүнийг гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноож байсан юм. Гэхдээ түүнд оноосон ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан аж. Анхан шатны шүүх хуралд зээлдэгч нараас хүн оролцоогүй бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч нар оролцож байв. Ш.Чуданжий болон тус банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл анги болон 156 зүйл ангид заасан үндэслэлээр шүүжээ. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, Ш.Чуданжийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцсон юм. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ