
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд П. Шаллер нар өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зочлов. Энэ үеэр Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, Афганистан улсад ХБНГУ-ын дайчидтай хамтран үүрэг гүйцэтгэхээр сургалтанд хамрагдаж буй Монголын Цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлтэй танилцсан юм.
Сайд нарыг дагалдан Батлан хамгаалахын сайдын цэргийн зөвлөх, хошууч генерал Д.Мягмар, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал Я.Чойжамц, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ХБНГУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа М.Райнберг нар тус ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв Энхийг сахиулах ажиллагааны сургалтын үндэсний төв болох, ирээдүйд НҮБ-ын стандартад нийцсэн Энхийг дэмжих ажиллагааны Бүсийн сургалтын төв болох зорилготой аж. Тус төвд “Khaan Quest” зэрэг олон улсын томоохон сургалт дадлага болон гадаадад үүрэг гүйцэтгэх Цэргийн багуудын ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл, Зэвсэгт хүчний марш-тактикийн аварга шалгаруулах тэмцээн, цэргийн анги, салбаруудын хээрийн гаралт, байлдааны буудлагатай сургуулиуд явагддаг байна.
Дашрамд дуулгахад, Монголын энхийг сахиулагчдийн багууд 2003 оноос эхлэн Афганистан улсад “Фейзебад” баазын хамгаалалтад ХБНГУ-ын Цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэжээ. Энэ удаагийн Цэргийн баг удахгүй Афганистан руу явж үүрэг гүйцэтгэх бөгөөд тэдэнд ХБНГУ-ын цэргийн сургагч багш нар хичээл зааж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ