
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар цагдаа, АТГ-ынхан ажиллаж байна. Түүнийг Удирдлагын академийн үүдэнд саатуулаад байна.
Түүний бие хамаагалагчид нь түүнийг баривчлуулахгүй хэмээн цагдаагийн тусгай хүчнийхнийг эсэргүүцсэн байна. Түүний гэр нь Удирдлагын академийн хажууд байдаг бөгөөд гэртээ харих замд нь ийн баривчлах гэж оролджээ. Одоогийн байдлаар тус газарт 50 орчим хүн байгаа бөгөөд Н.Энхбаярын УБҮ 00-55 улсын дугаартай хар өнгөтэй Land маркийн машиныг хэсэг залуус бүслээд байгаа бөгөөд урд талын салхины шилийг нь хагалжээ.
Харин МАХН-ын гишүүд тэдгээр залуусаас намын даргаа хамгаалахаар оролдож байна. Уг үйл явдал 20.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд 3-4 хар хувцастай, юүдэнтэй цамцтай залуус АТГ-аас явж байна хэмээгээд Н.Энхбаярыг баривчлахыг завджээ.
Тэрбээр эсэргүүцэл үзүүлэхэд хүч хэрэглэн, шороон дээгүүр чирсэн хэмээн тус газарт байгаа эх сурвалж мэдээллээ. Мөн тэдгээр залуус буутай байсан бөгөөд МАХН-ын гишүүд хөөж эхлэхэд буугаа уг газарт байгаа цагдаа нарт өгсөн байна.
Түүнчлэн тус газарт байгаа цагдаа нар хар хувцастай залуусыг зогсоохгүй, улам дэвэргэж байгаа гэнэ. Яг одоо Н.Энхбаярыг бүрэн хамгаалалтад аваад байгаа аж. Болж буй үйл явдлын талаар газар дээрээс нь эргэн мэдээлэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ