МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчиллаа
МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхийн шийдвэрийн дагуу Удирдлагын академийн хашааны доторх байшингаас өнөөдөр 06.08 минутад албадан баривчиллаа. Эх сурвалжийн мэдээллээр экс Ерөнхийлөгчийг саатуулахад дөрвөн автобус цагдаагийн албан хаагч, нэг автомашинтай тусгай албаны ажилтнууд оролцсон байна.
Энэ үеэр тусгай албаны ажилтнууд Н.Энхбаярын гэрийн хаалгыг цөм цохиж эвдэн орсон. Улмаар бие хамгаалагч нар нь эсэргүүцэл үзүүлэхийг завдсан боловч тусгайгийн ажилтнууд дотогш нэвтрэн орж "Бүгд гараа шилэндээ аваад доошоо хэвт" хэмээн хашгиралдаж Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нарын сууж байсан буйданг хөмрөн газар унагаж Н.Энхбаярыг хоёр гар, хоёр хөлөөс нь дамжлан цагдаагийн хамгаалалттай автомашинд хүчээр суулган авч явсан юм. Мөн баривчлах ажиллагааны үеэр Н.Энхбаярын хамт дотор байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын зэрэг УИХ-ын гишүүдийн биед халдсан байна. Баривчилгааны үед гадна байсан мэдээлэл авах гэсэн хэвлэл мэдээллийн ажилтнуудын биед халдсан тохиолдол хүртэл гарсан.
Түүнчлэн Удирдлагын академийн хашаанд цугларсан бүх хүнийг баривчилна гэсэн мэдээлэл хүртэл ам дамжиж байлаа. Яг одоогийн байдлаар тус газарт байдал намжсан, цөөн хэдэн цагдаа Н.Энхбаярын гэрийг хамгаалалтад авсан, намын гишүүд дэмжигчид цугларсан байдалтай байгаа аж. Энэхүү Удирдлагын академийн байрны хоёрдугаар давхарт нь Н.Энхбаярын гэр бүл амьдарч, нэг давхарыг нь оффис маягаар ашиглаж байжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр МАХН-ын байран дээр хэвлэлийн бага хурал зарлаад байна. Мөн УИХ-ын чуулган дээр энэ үйл явдлын тухай гишүүд мэдэгдэл хийж, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзах аж.
Манай сайт үйл явдлын мэдээллийг уншигч та бүхэндээ газар дээрээс нь шуурхай мэдээлэх болно.
Гэрэл зургийг Н.Ариунаа


















СЭТГЭГДЭЛ БИЧИХ