
-Би бодохдоо энэ нам улс орныг, ард түмнийг зөв залж удирдах үзэл санаа, үнэт зүйлийн цангаанд орсон төдийгүй, ийм зүйл тэнд яригдах, хийгдэх, хийх боломжгүйг ойлгосон. Яагаад гэвэл хоосон үзэл суртал, хоосон шоу цэнгээн, бөгс үнсэх, долигонох, хөшөө дурсгал барих, дуулах хуурдах, Үндсэн хууль зөрчин иргэдийг хомроголон намдаа элсүүлэх, албан тушаал, хөрөнгө мөнгөний наймаа хийх, непотизм зэрэг л зүйлс энд хамгийн үнэ цэнэтэй зүйлд тооцогддог. Үүнийгээ засах сэтгэлгээ, соёл төлөвших боломжгүй газар болохыг маш сайн ойлгож ухамсарлалаа.
-Би бодохдоо энэ нам шинэчлэгдэн, цус сэлбэж, өөрчлөлтийн салхи оруулж, өнгө төрхөө өөрчилнө гэж найдсан. Тэр тусмаа надад итгэл хүлээлгэн намдаа урин оруулсан энэ намын дарга С. Батболдод бол бүр ч их итгэсэн.
Энэ намыг “удирдаж” байгаа хүмүүсийн мэддэг хэл нь “мөнгө” болон “хувийн эрх ашиг”. Биднийг хүүхэд байх үеийн мөнгөгүй мөртөө хүмүүжилтэй байсан коммунистуудын дэргэд мөнгөтэй, олигархжсан, “ардчилсан” дүр эсгэсэн, нүүрээ нуусан коммунистууд хамгийн аюултай юм байна гэдгийг би энэ намд ороод улам илүү сайн ойлголоо. Бидэн шиг ард түмний хүүхдүүд тэдэнтэй нэгэн хэлээр ярилцах, харилцах ямар ч боломжгүй юм байна.
-Би бодохдоо энэ намын нөлөө бүхий “лидер” хэмээх, Монгол улсад хууль ёсыг хэрэгжүүлэх чухал институц болох Хууль зүй дотоод хэргийн яамыг удирдаж байгаа хүн нь өөрөө хар дээр цагаанаар бичсэн хуулийг зөрчин амьдарч, ямар ч ял шийтгэл хүлээдэггүй, хууль зөрчдөгөөрөө ард түмнийг “үлгэрлэн” доромжилж суугаа нь бидний хүссэн ардчилсан, хууль дээдлэх зарчимтай, Үндсэн хуультай улс орны хүсч буй зүйл бишээ. Энэ нам өнөөдөр хууль, шүүх, цагдаа, авилгатай тэмцэх, иргэний бүртгэл, мэдээллийн байгууллага, гааль, татвар гээд иргэдэд үнэнч байж, тэдний эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой бүх институцийг зөвхөн өөрсдийнхөө төлөө ажиллуулж суугааг би зүгээр харж, тэвчиж сууж чадахгүй боллоо.
-Би бодохдоо энэ нам ардын гэх нэр зүүсэн хэдий ч цөөнхийн, тодруулж хэлвэл, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн эрх мэдлийг, санхүү хөрөнгийг бэхжүүлэх институц болж хувирчээ. Энэ нам мөнгөтэй хүн эрх мэдэлтэй болдог, эрх мэдэлтэй нь мөнгөтэй болдог гэсэн уялдааг улам бэхжүүлж, хойч үеээ ийм л сэтгэлгээнд сурган дасгалжуулж, авилгалын торон сүлжээг бэхжүүлж байна. Үүнтэй эвлэрч суух ёс зүйн ямар ч орон зай надад алга. Тэд зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашиг, өөрсдийн баяжихын төлөө ард түмнээсээ, бидний үр хүүхдийн хоолыг хулгайлж, булааж идэж байгааг харахад жихүүдэс төрж байна.
-Би бодохдоо энэ намд боловсролтой, мэдлэгтэй, чадвартай, баялаг бүтээх олон сайхан залуучууд байгаа хэдий ч тэд албан тушаалын төлөө, эрх мэдлийн төлөө, ах нарынхаа залгамж халаа болон хүмүүжиж байгааг харахад харамсмаар. Өнөөдөр тэд хамгийн их мөнгөтэйгээрээ, хамгийн их дэмжлэгтэйгээрээ гайхуулан намынхаа сурталчилгааны нүүр царай болон улайран хотын гудамжийг бид ийм л баян цатгалан хэмээн гайхуулж буй мэт гялгар цялгар сурталчилгаануудаараа дүүргэж байгааг хараад би үнэхээр дур гутаж байна. Залуу хүн ийм байдаггүйсэн. Шинэ коммунистуудын үзэл суртлын зэвсэг болж буйг нь хараад би харамсаж байна.
-Би бодохдоо аль ч улс төрийн хүчинд эмэгтэйчүүд чухал байр суурь эзэлдэг, эзэлсээр ч байгаа. Харамсалтай нь энэ намын эмэгтэйчүүдийн байгууллага нь эмэгтэйчүүдээ мөнгөөр нь уралдуулан байр эзлүүлж, мөнгийг төрийн өндөр албан тушаалд суулгах нэгдүгээр шалгуур үзүүлэлт болгож байгааг хараад үнэхээр харамсмаар. Эмэгтэй хүнд аль ч түүхийн туршид, аль ч нийгэмд мөнгө тэдний имиж байгаагүй. Харин хайр, зүтгэл хоёр л эмэгтэйчүүдийн жинхэнэ имиж байсан, байсаар ч байх учиртай. Бид үр хүүхэд төрүүлэх ариун хувь тавилантай, харин авилгаар албан тушаалтан төрүүлэх хувь тавилан бидэнд өгөгдөөгүй.
-Би бодохдоо энэ нам үнэн үг хэлсэн нөхдөө хавчин гадуурхаж, адладаг. Үзэл бодлоо илэрхийлэн, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн, ард түмнээс сонгогдсон төрийн түшээд үгээ хэлсний төлөө ад үзэн, гадуурхаж, олонхи нь цөөнхөө барьж идэх бодлогыг хэрэгжүүлдэг. Үүнийг би жигшин буруушааж байна.
Миний бие энэ намд залуу боловсон хүчин болж, иргэнлэг, арай цэвэр улс төрийн хүчин болж, улс орын хөгжилд зөв эерэгээр нөлөөлье гэж орсон билээ. Харамсалтай нь дээр дурдсан шалтгаануудын улмаас би ийм хүмүүстэй хувь тавилангаа нэгтгэхгүй, мөнгөтэй хүмүүсийн гар хөл болохгүй, энэ бүхнийг гэрэлд гаргаж, цэвэрлэе гэсэндээ энэ намаас гаран өөрийгөө эрх чөлөө, үзэл санааны “шоронгоос” гаргаж байна. Ард түмний охин ард түмнийхээ эсрэг ажиллаж чадахгүй гэдгээ зарлаж байна. Авилгал, хээл хахууль, ёс зүйгүйдэл, хуульгүйдлийн эсрэг эрс тэмцэхээ илэрхийлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ