
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цөөн асуултад хариулт авлаа.
-Та үүсээд байгаа нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?
-Хуулийн байгууллага хэвийн хэмжээнд ажиллаж байна. Харин арга барилын хувьд бага зэрэг алдаа байх шиг байна.
-Алдаа гэдэг нь юу вэ?
-Баривчлах ажиллагаа явуулж байгаа бол олон улсын жишгээр зоон энэ тэр татах ч юм уу, иймэрхүү арга барилын алдаа харагдаж байна. Түүнээс сэжигтнээр татагдсан хүнийг битгий хэл гэрчийг дуудсан хугацаанд мэдүүлэг өгөхгүй байвал албадан саатуулдаг. Одоо Н.Энхбаярыг барьсан нь зөв, буруу гэж байхын оронд тэр зугтаад алга болсон Т.Билэгтийгээ Америкаас олж ирээчээ.
-Ямар Т.Билэгт вэ?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга байсан. Тэр хүн чинь энэ хэрэгт холбоотой шүү дээ. Америк руу алга болоод өчнөөн сарын нүүрийг үзэж байна.
-Төрийн өндөр алба хашиж байсан хүнийг хүч хэрэглэн баривчилсныг олон нийт буруу гэж харж байх шиг байна?
-Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Бас үүрэгтэй. Тиймээс хуулийн байгууллагын дуудсан цагт нь очих ёстой. Мэдүүлэг өгөхгүй болохоор нь албадан баривчилана гэхээр шал өөр зүйл яриад долдугаар сарын 1-ний хэргээр шоудаад байх юм. Өөрийг нь эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж, баривчиллаа гэсэн чинь үүнийг долдугаар сарын 1-ний хэргийн талаар баримт дэлгэснээс болж барьсан юм шиг харагдуулах гэж шоу хийлээ. Н.Энхбаяртай, Н.Энхбаяргүй долдугаар сарын 1-ний хэрэг илэрнэ. Тухайн үед нь хангалттай эрх мэдэлтэй, Ерөнхийлөгч байсан. Тэр үедээ өчнөөн хүнийг хэлмэгдүүлж, зовоочихоод одоо юу яриад яваад байгаа юм бэ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ