
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар УИХ-ын Тамгын газар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нарт шаардах бичиг хүргүүллээ.
Хэрэв МАХН-ын дарга Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллахгүй бол орон даяар тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэсэн юм. Одоогоор 24 аймагт тус бүр 200-300 хүнтэй жагсаал болж байгаагаас хамгийн өргөн хүрээтэй байгаа нь Улаанбаатарт болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг алан хядах ажиллагаатай тэмцэх тусгай ажилтнуудаар хэрцгийгээр баривчлуулж, хүмүүнлэг ёс, хуулийг уландаа гишгэж байгаад харамсаж байгаагаа тэд хэлж байлаа.
Энэ хэргийн ард Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ц.Сандаг-Очир нар байгаа.
Тэдэнд хариуцлага тооцох ёстой гэсэн юм. Энэ шаардах бичгийн хугацаа маргааш 14.00 цагт дуусах юм. Хэрэв энэ хугацаанд нааштай шийдвэр гаргахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдэв.
Одоогоор МАХН-ын дарга Н.Энхбаярын бие сайн байгаа бөгөөд суллах хүртэл нь өлсгөлөн зарлана гэж мэдэгдээд байгаа юм. Мөн дээрх мэдэгдэлд түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулбал төрөөс нэхнэ гэдгийг сануулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ