Баривчлах ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр тодрууллаа.
-Төрийн тусгай хамгаалалтад байсан хүнийг баривчилсан нь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү?
-Ард түмнээс мандат авч сонгогдсон УИХ-ын гишүүн бол халдашгүй эрхтэй.Тэр утгаараа УИХ-ын гишүүнийг сэжигтнээр тооцон шалгах үед хэргийг нь түр хугацаагаар түтгэлзүүлдэг. Харин сэжигтэн Н.Энхбаярын хувьд халдашгүй эрхийн тухай асуудал яригдахгүй. Учир нь Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд 3-р зэргийн төрийн тусгай хамгаалалтанд авдаг. Ингэж хамгаалалтад авч байгаа нь энэ хүний холбогдсон гэмт хэргийг шалгаж болохгүй гэсэн үг биш.
-Баривчлагааны үеэр танай ажилтнууд хууль зөрчсөн юм биш үү?
- АТГ-аас албадан саатуулах ажиллагааг явуулахын өмнө Төрийн тусгай хамгаалалтын газарт албан ёсоор мэдэгдсэн. Баривчлагаа хуулийн дагуу явагдсан. Тэнд байсан УИХ-ын гишүүдийн эрхэнд халдсан ямар нэгэн зүйл болоогүй. Харин манай ажиллагаанд саад учруулах оролдлого гарсан. АТГ-ын мөрдөн байцаагчийн гаргасан баривчлах тогтоолыг цагдаагийн байгууллага хуулиараа хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажиллагаанд оролцсон. Ер нь төрийн өндөр албан тушаалтан хэн ч бай хуульд захирагдах ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ