
Өчигдөр Премьер лигийн 34-р тойргийн дөрвөн тоглолт болж өнгөрлөө.
Манчестер Сити Норвич клубын талбайд зочлон тоглосон бөгөөд лигийг тэргүүлэгч Улаан чөтгөрүүдэд ойртох боломжийг тэд алдсангүй.
Норвичийг талбайд нь 6:1-ээр хожиж улирлын эхэнд үзүүлж байсан тоглолтуудаа эргэн санууллаа.
Тоглолтын 18 дахь минутад Манчестер Ситигийн довтлогч Карлос Тевез гоолдсоноор тооны харьцааг эхлүүлсэн.
Улмаар 27 дахь минутад Агуэро 2:0 болгосон. Сүүлийн хагас эхэлсний дараахан талбайн эзэд Сурманы гоолоор тооны харьцааг 2:1 болгосон хэдий ч тэд баярлах болоогүй байжээ.
Улмаар тоглолтын төгсгөл дөхсөн мөчүүдэд Карлос Тевез дахин хоёр гоол, Агуэро 1 гоол оруулж амжсан юм. Улмаар цаг дуусаж зочид өрсөлдөгчөө 6:1-ээр илт давуу ялсан юм.
Энэ тоглолтод Карлос Тевез хет трик үзүүлж Агуэро дубльдсэн.
Сандерлэнд Уолвес гоолгүй тэнцэж, Суонси Блэкбернийг 3:0-ээр, Уэст Бромвич Куинс Парк Рейнжерсийг 1:0-ээр тус тус хожсоноор өчигдрийн тоглолтууд өндөрлөсөн.
Өнөөдөр лигийг тэргүүлэгч Манчестер Юнайтед Астон Виллатай тоглоно.
Астон Вилла Мөрөөдлийн театрт зочлох бөгөөд Манчестер Юнайтедын хувьд өмнөх тоглолтод ялагдсан алдаагаа засаж өрсөлдөгчөө заавал хожих даалгавартай болоод буй. Эс тэгвэл 2-хон онооны зөрүүтэй болоод буй Манчестер Ситид баригдах аюул улам ойртох юм.
Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ