
Афганистаны нийслэл Кабул хотын төв хэсэгт орших гадаадын элчин сайдын яамдууд төвлөрсөн дүүрэг болон парламентын ордон өчигдөр галт зэвсэг, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн этгээдүүдийн халдлагад өртлөө.
Халдлагаар таван хүн шархдаж, хоёр хүн алагдсан ба исламын фундаменталист хүчин болох Талибан бүлэглэл уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрлөө.
Талибан бүлэглэлийн мэдэгдлээр уг халдлага нь хаврын халдлагын эхлэл бөгөөд бид хэдэн сар үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна хэмээжээ. Талибанчууд жил бүр дулаан орсны дараагаар хаврын эхлэл хэмээн үймээн дэгдээдэг билээ.
Мөн үймээн дэгдээгчид гадаадын иргэд байрладаг Кабул хотын Стар зочид буудалд нэвтрэн орсноос гадна бусад барилга байгууламжуудад ч халджээ.
Халдлага Кабул хотоос гадна орон нутагт тодруулбал өөр гурван ч тосгонд гарсан байна.
Түүнчлэн Пакистан, Афганистантай хил залгаа Баннугийн төв шорон руу 15-ны өдрийн үүрээр буу болон бөмбөгөөр зэвсэглэсэн 150 орчим этгээдүүд халдаж, 944 хоригдлын 384-ийг нь оргуулсан тухай мэдээлэл гарсан билээ.
Пакистаны Талибан хөдөлгөөнийхөн уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр оргон зайлагчдын дотор Талибан хөдөлгөөний 20 гаруй хүн болон ерөнхийлөгч Первез Мушарафын аминд халдсан хэрэгтэй холбоотой ял хүлээж байсан Пакистаны агаарын хүчний хуучин ажилтан ч багтсан хэмээв. Афганистан, Пакистаны зэвсэгт дайчид цаашид ч халдлага дайралтаа идэвхжүүлэх хандлагатай байна.
Т.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ