Шүүхээр шийдвэрлэгдсэн хар тамхины хэрэг 2011 онд ихээхэн өсчээ

img

Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2007-2011 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн талаарх судалгааг Улсын Дээд шүүхийн Судалгааны төв гаргажээ. Дээрх хугацаанд энэ төрлийн 28 гэмт хэрэгт 66 хүн ял шийтгүүлсэн байна. 2007-2010 оны байдлаар шүүхээр шийдвэрлэгдсэн “хар тамхины” гэмт хэргийн тоо харьцангуй тогтвортой буюу 2007 онд 3 гэмт хэрэгт 16 хүн, 2008 онд 2 гэмт хэрэгт 8 хүн, 2009 онд 4 гэмт хэрэгт 8 хүн, 2010 онд 5 гэмт хэрэгт 7 хүн тус тус ял шийтгүүлжээ. Харин 2011 онд 14 гэмт хэрэгт 27 хүн ял шийтгүүлсэн нь өмнөх 4 жилийн тоотой тэнцүү байна. Энэ нь өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэгдсэн хар тамхины гэмт  хэргийн тоо ихээхэн өссөнийг харуулж байгаа юм. Сүүлийн 5 жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн 66 хүний 32-т нь хорих, 31-д нь баривчлах, 2-д нь албадан ажил хийлгэх, 1-д нь торгох ял оногдуулсан байна. Судалгаанаас үзвэл 19-30 насны залуус  хар тамхины гэмт хэрэгт холбогдох нь харьцангуй олон байгаа аж. Тухайлбал, сүүлийн 5 жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт дээрх насны 50 залуу ял шийтгүүлсэн нь нийт ял шийтгүүлэгчдийн дийлэнх олонхийг буюу 75.8 хувийг эзэлж байгаа юм. Мөн  насанд хүрээгүй буюу 17-18 насны 2 хүн хар тамхины хэрэгт ял шийтгүүлжээ. Хар тамхины хэрэгт ял шийтгүүлэгчдийн олонхи нь буюу 44 нь бүрэн дунд боловсролтой байгаа бол 14 нь дээд, 1 нь тусгай дунд, 4 нь суурь, 3 нь бага боловсролтой байна. Мөн энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлэгчдийн 20 нь эрхэлсэн ажил сургуульгүй хүмүүс, 14 нь оюутан, 32 нь бусад хүмүүс байгаа юм. Сүүлийн 5 жилийн байдлаар хар тамхины хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн дотор гадаадын иргэн 5 байгаа бол эмэгтэй хүн 7 байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ