
Иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг УИХ-д өргөн барьсан.
Монгол Улсын иргэнд газар өмчлөх талаархи хуулийн үйлчлэх хугацааг дахин таван жилээр сунгахаар холбогдох хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн 1 дүгээр зүйлд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 41.2-т заасан “2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө” гэснийг “2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө” гэж өөрчлөх, 2 дугаар зүйлд, энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн тусгажээ.
УИХ-аас 2002 оны зургадугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг батлагдан мөрдөгдсөнөөс хойш есөн гаруй жилийн хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаанд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажил зохих ёсоор явагдаж, нийт хүн амын 9.19 хувь нь газраа өмчилж авсан байна.
2010 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын газрын нэгдмэл санд хөдөө аж ахуйн газар 115525.9 мянган га буюу 73.86 хувь, хот, тосгон бусад суурины газар 620.6 мянган га буюу 0.39 хувь, зам, шугам сүлжээний газар 407.1 мянган га буюу 0.26 хувь, ойн сан бүхий газар 14297.9 мянган га буюу 9.13 хувь, усны сан бүхий газар 682.8 мянган га буюу 0.44 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 24877.3 мянган га буюу 15.91 хувийг тус тус эзэлж буй юм байна.
Дээрх хуулийн 4.1.1-д заасанчлан Монгол Улсын иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх тухай уг хуулийн болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зохих заалтуудыг 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжүүлж дуусгана гэж хуульчлан заасан байсныг 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж таван жилийн хугацаагаар сунган мөрдөж байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойшхи хугацаанд буюу 2011 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд өссөн дүнгээр 255458 иргэн 28287.68 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчилж аваад байгаа аж.
Энэ хууль батлагдсанаар газар нутгийг Газрын тухай, Хот байгуулалтын тухай хуульд заасан Улсын газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, иргэнд газар өмчлүүлэх газрын нөөцийн бодлогын хүрээнд газар, нутгийг дэд бүтэцжүүлэх замаар хот, хөдөөгийн хөгжлийн төвшинг ойртуулах, төвлөрлийг сааруулж эдийн засгийн идэвхитэй бүсийг олон дахин тэлэх, улмаар иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулан үндэсний эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны төвшний бодитой тогтвортой өсөлтийг хангах зорилгыг биелүүлэх боломж улам нэмэгдэнэ.
Түүнчлэн иргэд өөрсдийн өмчлөлийн газартай болсноор үл хөдлөх хөрөнгөтэй болох, үл хөдлөх хөрөнгөө санхүүжилтэд ашиглах, улмаар хойч үедээ өвлүүлэх процесс тасралтгүй үргэлжилнэ гэж хуулийн төсөл санаачлагч үзжээ.
Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх арга хэмжээг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлүүлэн зохион байгуулахаар тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ